Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол сүүлийн үед удаа дараа бүртгэгдсэнтэй холбоотой иргэд, аялагчдад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүлэг хүргэв. Тодруулбал, нэг буга хүн рүү дайрсан 4-5 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн газрын хамгаалалтын захиргааныхны мэдээлснээр Зайсан хавиар иргэд цугладаг хэсэгт нэг буга хүний гараас байнга хоол унд иддэг, мөргөх гэж авирладаг, дайрдаг болсон гэв. Иймд тухайн бугыг өөр газарт шилжүүлэх талаар ярилцаж буй аж. Хавар, намрын орооны үед эр буга сургээ хамгаалах, өрсөлдөгчөө хөөх зэргээр түрэмгий авир гаргадаг байна. Зэрлэг амьтад айж цочих, аюул мэдрэх үедээ өөрийгөө хамгаалах зорилгоор хүн рүү дайрах, мөргөх эрсдэлтэй тул хэт ойртож очих, зураг авах, хүрэхээс зайлсхийхийг санууллаа. Мөн зэрлэг амьтныг үргээх, барих оролдлого хийхгүй байх, гараасаа хооллохгүй, чулуу шидэхгүй байхыг анхааруулав.
Хэрэв амьтны дайралтад өртвөл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 77070840, Шуурхай удирдлагын төвийн 11310005 дугаарт мэдээлэл өгч болох нь.
Ч.Цэлмэг