Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Бурхан багшийн шүтээн зурагт намтар бүтээлийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэлээ.
Индонезийн нийслэл Жакарта хотод энэ сарын 5-нд болсон тус хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны XI Ерөнхий чуулганаар уг бүтээлийг хэлэлцэн баталсан байна. Чуулганд Монголын талаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, доктор П.Байгалмаа, музейн зөвлөх О.Батсайхан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ажилтан О.Дэлгэрцэцэг нар оролцож, уг өвийг танилцуулан гэрчилгээг гардан авчээ.
XIX зуунд нэр нь үл мэдэгдэх монгол бурханч ламын урласан уг бүтээлд Бурхан багшийн намтрыг 34 хэсэгт дүрсэлсэн байна. Тэрбээр Бурхан багш урьд төрөлдөө олон дүрд хувилан ёс зүй, үнэнч байдал, энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэж ирсэн түүхийг уран сайхны аргаар илэрхийлжээ. Буддын шашинтай орнуудад Бурхан багшийн шүтээн зураг түгээмэл боловч намтрыг нь 34 цуврал зургаар өгүүлсэн ийм төрлийн бүтээл ховор аж.
Урт нь 28, өргөн нь 22 см хэмжээтэй, цаасан дээр шороон будгаар зурсан энэхүү дурсгалыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалдаг юм. Тус музей энэхүү бүтээлээрээ Монголын музейнүүдээс баримтат өвийн төрөлд ЮНЕСКО-д бүртгүүлсэн анхны байгууллага болж буйгаараа онцлогтой. Энэ удаагийн чуулганаар Ази, Номхон далайн бүсийн 26 орны нэр дэвшүүлсэн 28 баримтат өвөөс 21-ийг нь бүртгэж авчээ.
Э.Сүйлэн