НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31) Туркийн Анталья хотод энэ сарын 9-нд эхэллээ. 11 хоногийн турш үргэлжлэх тус хуралд 196 улсын төлөөлөгч оролцож байна. Эл хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөнд дасан зохицох, хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүүжилтийг нэмэгдүүлэх, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг голчлон хэлэлцэж буй юм. Манай улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн, академич Д.Дагвадорж нараар ахлуулсан баг оролцож байна. Мөн өндөр дээд түвшний хуралдаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар оролцох юм. Манай төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх болон Парисын хэлэлцээрийн зургаадугаар зүйлд заасан нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлыг тэргүүн чиглэл болгон хэлэлцэхээр төлөвлөжээ.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн байгууллагаас хурлын өмнө танилцуулсан тайланд улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого тодорхой ахиц гаргасан ч дэлхийн хэмжээний зорилтод хүрэхэд хангалтгүй байгааг онцолжээ. Иймээс амлалт, зорилтоо бодит үр дүн болгох, нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий хөгжиж буй орнуудад шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах асуудал энэ хурлын гол сэдвийн нэг болж байна.
Э.Сүйлэн