Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр ард түмэндээ хандаж дэвшүүлсэн илгээлт, хоёр улсын стратегийн түншлэлийн талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөв. Казахстанаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакынов зочдод Казахстаны хөгжлийн чиг хандлага болон Ерөнхийлөгчийн илгээлтэд дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудыг танилцуулсан юм.
Энэ үеэр Төрийн тэргүүнийхээ зарласан “Ард түмний бүтээн байгуулалт” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, 2027 оныг “Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын жил” болгон зарлан, ирэх гурван жилд нийгмийн зориулалттай барилга байгууламж, орон сууц, авто болон төмөр зам, нийтийн аж ахуйн дэд бүтцийг барьж байгуулах, шинэчлэхэд 14.27 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж буйг дурдлаа. Казахстан ийм өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд 2026 онд улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 400 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 19 мянган ам.доллароос давах төлөвтэй гэнэ.
Казахстан болон Монгол Улсын Төрийн тэргүүн нарын хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх тухай тохиролцоо, Засгийн газар хоорондын комиссын X хуралдааны мөрөөр хийх ажлууд, мөн хөдөө аж ахуй, мах боловсруулах, уул уурхайн үйлдвэрлэл, эрчим хүч, аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааны талаар мөн танилцуулсан. Түүнчлэн ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиохыг онцлоод, хамтын түүх, нүүдэлчдийн өв соёлд тулгуурласан эртний найрамдлын харилцааг бодит эдийн засгийн төслүүдээр баяжуулах нь чухал гэв.
Ч.Цэлмэг