Архангай аймгийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 18-23-нд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайд алдсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Шалгалтын ажиллагаагаар өмнө нь удаа дараа ял шийтгүүлж байсан болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Ч нарын бүлэг дөрвөн этгээд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орогнож байсныг олж тогтоон хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилжээ.
Нэгжлэгээр гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй 31 ширхэг хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, кулон, бугуйн цаг, дуран зэрэг эд зүйлийг хураан авсан.
Одоогоор хөөрөг 20, даалин 10, цагаан өнгийн болон шаргал өнгийн 20 орчим тооны металл эдлэлийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна. Хураан авсан эд зүйлсийг хохирогч нарт таниулах, таньж олуулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хэрэв дээрх эд зүйлс дунд таны эд зүйл байвал Архангай аймгийн цагдаагийн газартай холбогдохыг зөвлөлөө.