Эрх баригчид сөрөг хүчнийхний санаачилсан хуулийн төслүүдийг зориуд гацааж, хойшлуулсаар буйг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд шүүмжиллээ. Тэд бүлгийн ээлжит хурлаараа энэ асуудлыг онцгойлон хэлэлцсэн байна. Одоогоор АН-аас сонгогдсон парламентын гишүүдийн өргөн барьсан 5-6 хуулийн төсөл ийм “занганд” ороод буй гэнэ. Түүнчлэн эрх баригчид сөрөг хүчний зүгээс өргөн барьсан хуулийн төслийн агуулга, үзэл баримтлалыг хуулбарлан хууль санаачилдаг болсныг хэлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн өргөн барьсан “Хууль бус хөрөнгийг хураах тухай” хуулийн төслийг яг ийм шалтгаанаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээс хойшлуулсаар байгаа аж.
Тус хуулийн төслийг парламентад өргөн бариад 500 гаруй хоног болжээ. Гэтэл Засгийн газар үүнтэй ижил агуулга, зохицуулалттай хууль боловсруулж, өргөн барихаар бэлтгэж буй гэнэ. Хууль санаачлагч үүнийг зорилготой, зохион байгуулалттай үйлдэл хэмээгээд, төслийг нь намрын чуулганаар хэлэлцэхгүй бол төв талбайд эсэргүүцлээ илэрхийлнэ гэв. Харин АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Хууль бус хөрөнгийг хураах тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг шаардаж, УИХ-д албан бичиг хүргүүлнэ” гэж мэдэгдлээ.
Н.Мишээл