Морьт цэргүүд Есөн хөлт их цагаан тугийг Төрийн ордныг нар зөв тойрон гороолон цэнгүүллээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг монголчууд ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэлээ. Монгол төрийн сүр жавхаа, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэлгэддэг энэ өдрийн үйл ажиллагаа Төрийн далбаа мандуулах, Есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслолоор эхэлж, УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан, Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолоор үргэлжилж, “Чингис хаан” цомын төлөөх хүчит 128 бөхийн барилдаанаар өндөрлөв.
Монгол бахархлын өдрөөр олгодог нэн хүндтэй шагнал болох “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг өнөө жил Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх ухааны академи (ШУА)-д хүртээв. Харин түүхт өдөрт зориулсан улс, аймгийн цолтой, өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Төрийн тусгай хамгаалалт, Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хүндэтгэлийн аяз дор Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулав.
Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болов.

“Чингис хаан” одонг олгосон 20 жилийн түүхэнд уг шагналыг хүртсэн гурав дахь байгууллага (Зэвсэгт хүчин, Морин хуурын чуулга)-аар ШУА тодорлоо.
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд гадаад, дотоодын хүндтэй олон зочин урилгаар оролцдог уламжлалтай бөгөөд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд энэ дунд багтдаг юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар 2024 оноос олгосон “Чингис хаан” шилжин явах цомын гурав дахь эзэн (эхний жилд Улсын харцага Э.Даш, удаахад нь Улсын арслан Э.Батмагнай түрүүлсэн )-ээр Улсын гарьд М.Лхагвагэрэл тодорлоо.