Хэнтий аймгийн Дадал сумд шинэчлэн байгуулсан “Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлыг Улсын комисст хүлээлгэж өгснийг орон нутгийнх нь засаг захиргааны байгууллааас мэдээллээ. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын гол бүс нутаг болгох зорилгоор Дадалын нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх шийдвэрийг 2019 онд гаргаж, 2020 оны намраас ажлыг нь эхлүүлсэн юм.
Зам, тээврийн яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр барьсан нисэх буудал таван жил гаруйн дараа ийн ашиглалтад ороход бэлэн болжээ. “Дэлүүн болдог” нь 1439 ам метр талбай бүхий зорчигч, үйлчилгээний дөрвөн давхар гол барилга, дагалдах байгууламж, гарааш, инженерийн дэд бүтцээс бүрдэх бөгөөд цагт 100 зорчигч хүлээн авах хүчин чадалтай гэнэ.
Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлснээр манай орны зүүн хязгаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд дотооддоо хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих, тухайн бүс нутгийг чиглэсэн жуулчдын урсгал нэмэгдэх ач холбогдолтой гэж орон нутгийнхан нь үзэж байна.
Ж.Сувд