Монголын усан спорт сонирхогчдын холбооноос зохион байгуулсан 4х4 усан пологийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд эрэгтэйчүүдийн 11, эмэгтэйчүүдийн дөрвөн баг оролцлоо. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд “We aquatics” клубийнхэн түрүүлж, “Сэлэм загас”-ын сэлэгчид удаалан, “Legacy” багийнхан хүрэл медаль хүртсэн юм. Эрэгтэйчүүдийн ангилалд “We aquatics”, “Усан поло”, “Legacy” баг эхний гурван байрт орсон юм.

Энэ удаа өнгөрсөн наймдугаар сард Хорват улсад болсон ДАШТ-д улсаа төлөөлсөн тамирчид оролцсоноороо онцлог байв. Орон нутгаас өрсөлдсөн багуудаас Өмнөговь аймгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг Улаанбаатарын хот дахь клубүүдийн сэлэгчидтэй ширүүхэн өрсөлдөж, IV байрт шалгарчээ. Сонирхуулахад, ОУХМ Э.Ариунтамир Унгарт болсон 25 метр бассейны 22 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 50, 100, 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд дотоодын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.