Сагсан бөмбөгийн спортын хөгжлийг дагаад хувийн олон клуб хүүхэд, залуусыг сургаж бэлтгэсээр байна. Тэдгээр клубийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчид гадаад, дотоодын туршлагатай дасгалжуулагч нарыг урин залж, хүүхдүүдэд хичээл заалгаж эхэлжээ. Тухайлбал, сагсан бөмбөгийн “Пресижн хүүпс академи” (Precision hoops academy) клубийг энэ спортын мэргэшсэн дасгалжуулагч, сэтгэл зүйч С.Нямсайхан, олон улсын хэмжээний мастер Б.Ганхөлөг, Б.Түмэнжаргал нар үүсгэн байгуулж, өдгөө 6-17 насны охид, хөвгүүдийг бэлтгэж байна. Энэ клубийнхэн байгуулагдсан цагаасаа хойших хоёр жилийн хугацаанд Франц улсаас дасгалжуулагч нарыг урьж авчран Европын сагсан бөмбөгийн сургалт, системээр дамжуулан монгол хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлж, манлайлах, багаар ажиллах ур чадварыг эзэмшүүлэн, сургаж буй юм. Ирээдүйн шилдэг сагсан бөмбөгчдийг бэлтгэх, олон улсын тэмцээнд өрсөлдөхүйц баг бүрдүүлэх зорилготой эл академийнхны урьсан франц дасгалжуулагч нар Европ болон дэлхийн тэмцээнд өрсөлдөж байсан, 25 жилийн туршлагатай, Евролигийн өндөр түвшний арга барилыг сургалтад нэвтрүүлсэн аж.
Хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Пресижн хүүпс академи”-ийн тамирчид Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах болон өсвөр үеийнхний лиг, залуучуудын тэмцээн, спортын клубүүдийн дундах нөхөрсөг тоглолтуудад оролцож, ур чадвараа нэмэгдүүлэхээс гадна Франц, БНСУ-ын хүүхдийн сагсан бөмбөгийн клубийнхэнтэй хамтран тэмцээн, бэлтгэл зохион байгуулсан аж. Уг хамтын ажиллагааг ирэх жилүүдэд ч үргэлжлүүлж 2027 онд Франц, БНСУ, Австрали, БНХАУ руу зочлон тоглох, туршлага судлахаар хэлэлцээ хийх урилга хүлээн авчээ.