Цахим спортын дэлхийн тавцанд өрсөлдөж, улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа “MongolZ”-ынхон өмнөд хөршид болсон “IEM Beijing 2026” тэмцээний эхний тоглолтод Бразилын “Legacy” багийг 2:1, дараагийнхад Норвегийн “Heroic”-ыг 2:0, мөн Бразилын “Furia”-г 2:1-ээр илүүрхэв. Тэд хагас шигшээд Украины “Natus Vincere” (NAVI)-гийн тоглогчдыг 2:0-ээр хожиж, тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Аваргын төлөө ХБНГУ-ын “MOUZ” багийнхантай тоглож, 0:3-аар ялагдан, дэд байрт шалгарлаа. Тус тэмцээнд дасгалжуулагч maaRaa-гийн удирдлагад bLitz, Techno, 910, cobrazera болон өнгөрсөн сард “The huns esports” багаас нэгдсэн nin9 нарын шинэ бүрэлдэхүүнтэй оролцсон. Аваргын төлөөх тоглолтын Dust2 газрын зураг дээр “MongolZ”-ын дөрвөн тоглогч зэрэг AWP мэргэн бууч авч, 2015 оны “Fnatic” багийн алдарт тактикийг давтан “MOUZ”-ын тоглогчийг хаалганы цаанаас буудаж унагасан нь үзэгчдийн анхаарлыг ихэд татжээ. Тэдний хувьд сүүлийн 14 сарын хугацаанд томоохон тэмцээний аваргын төлөөх шигшээ тоглолтод шалгарсан анхны тохиолдол болов. Манайхан тус тэмцээний дараа Сингапурт энэ сарын 28-нд эхлэх “PGL major Singapore 2026” тэмцээнд өрсөлдөх нь. Ташрамд дуулгахад, Ази тивийн Valve чансааны VI байрт эрэмбэлэгдэж буй “Chinggis warriors” багийнхан “Halloween edition” тэмцээний аваргаар тодорч, мөн “PGL major Singapore 2026”-д оролцох эрхээ баталгаажуулжээ.