Иргэн С.Мишиг шатахууны үнэ өсөж, амьжиргааны өртөг нэмэгдэж буйг эсэргүүцэн өчигдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. Тэрбээр төв талбайд 126 манекены толгой, төмөр ташуур авчирч байрлуулжээ. “Үүгээр УИХ-ын 126 гишүүнийг төлөөлүүлсэн. Харин ташуур нь төрд төмөр ташуур хэрэгтэй байгааг илэрхийлж буй юм. Шатахуун, авто болон ахуйн хийн үнэ гэнэт нэмэгдсэн нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Шатахууны ханш өсөхөд махны үнэ дагаад нэмэгдэх нь тодорхой. Тиймээс үнийг хэрхэн бууруулах талаар Засгийн газар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Учралд хандан энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж, шалгаж өгөхийг шаардаж байна” гэж тэрбээр ярив.
Мөн тэрбээр “УИХ-ын гишүүд иргэдийнхээ төлөө дорвитой алхам хийж, шатахууны үнэд анхаарах хэрэгтэй. Төсвийн зардлыг ч хэмнэх ёстой. Тухайлбал, Шадар сайд сар бүр 42 сая төгрөгөөр байр түрээсэлдэг гэх мэдээлэл байна. Төсвийг захиран зарцуулах эрх бүхий хүмүүс эхлээд зардлаа танаж, хэмнэх хэрэгтэй. Иргэд бид бодит мэдээллээр цангаж байна” гэв.
У.Цэцэг