Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт энэ сарын 6-нд 15.20 цагт газар 4.6 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Энэ талаар тус аймгийн ЗДТГ-аас тодруулахад, Төвшрүүлэх сумын иргэдэд газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэв.
Үүнээс өмнө газар 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдөлсөн тохиолдол өнгөрсөн сард хэд хэдэн удаа бүртгэгдсэн юм. Тухайлбал, Орхон аймгийн Жаргалант сумд өнгөрсөн сарын 20-нд газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлсөн бол Говь-Алтайн Тайширт өнгөрсөн сарын 15-нд газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлжээ. Ташрамд дуулгахад, 2020-2025 онд газар нийт 642 удаа хөдөлсөн байна. Үүнээс Хөвсгөлд хамгийн олон буюу 136 удаа газар хөдөлсөн бол Говьсүмбэрт хоёр тохиолдол бүртгэгдсэн аж. 2021 онд хамгийн олон удаа буюу газар 269 удаа хөдөлсөн нь сүүлийн таван жилийн хугацааны үзүүлэлтийг тэргүүлж буй юм.
Ч.Туяа