Word of the year буюу тухайн онд нийгмийн чиг хандлагыг тодорхойлсон хамгийн эрэлттэй байсан үгийг сонгож, шалгаруулах сонирхолтой уламжлал бий. 1971 онд Герман улсаас түгсэн ийм нэгэн соёлыг өнөөдөр олон улсын хэмжээнд бараг албан ёсны уламжлал болгожээ. Германы хэл соёлын нийгэмлэгийн оны оновчтой үг шалгаруулах “уралдааныг” Америкийн Диалект нийгэмлэг 1990 оноос хэрэгжүүлсэн. Ингэхдээ “Time” сэтгүүлийн “Оны онцлох хүн” гэдэг шиг хэл шинжлэлийн салбарыг олон нийтэд сурталчлах зорилгоор эл шалгаруулалтыг дэлгэрүүлсэн бөгөөд тухайн жилийн буюу анхны онцлох үгээр bushlips буюу “улстөрчдийн хуурамч амлалт” хэлц тодорчээ. Тэгвэл “Oxford еnglish dictionary” зэрэг олон улсад нэр хүндтэй толь бичиг эрхлэн гаргагчид 2000 оноос “Оны үг” шалгаруулдаг болсон. Ингэхдээ өөрийн цахим хувилбараас иргэдийн хайсан үгийн тандалт, судалгаа хийж, тухайн орон, бүс нутагт олон салбарын хүрээнд өрнөсөн томоохон үйл явдлуудад үндэслэн, тухайн оны тодорхойлох үгийг сонгодог байна. Оны үгийг улс орнуудад хайлт болон дата статистикт тулгуурлах, хэл шинжлэлийн шинжээчдийн саналаар болон олон нийтийн санал асуулгаар гэсэн үндсэн гурван аргаар тодорхойлдог аж. Сар хагасын дараа халаагаа өгөх энэ жилийн хувьд улс орнууд нийгмийнхээ байдлын толь болсон оны оновчтой үгүүдийг сонгож эхэлжээ. Жишээ нь, Dictionary.com цахим хуудасны хувилбараар looksmaxxing, sleepmaxxing зэрэг аливаа зүйлийг тултал сайжруулах, оновчтой болгох гэсэн нэр томьёог онцолжээ. Энэ нь хамгийн дээд хэмжээнд нь хүргэж хийх, амьдралынхаа тодорхой нэг хэсгийг бүрэн дүүрэн сайжруулах гэсэн утгатай Z үеийнхний “моод” үг юм байна. Британичуудын дунд mogging буюу өрсөлдөгчөөсөө гадаад төрх, статусаараа давж гарах гэсэн утгатай үг хамгийн эрэлттэй байсныг “Collins dictionary” онцлох үгээр нэрлэв. Хойд хөршийнхний хувьд 10 үгийг одоогоор сонгоод буй бөгөөд өдгөө хэл шинжлэлийн мэргэжилтнүүд хамгийн оновчтойг нь сонгоод ирэх сар гэхэд зарлах аж.
Э.Хана