Засгийн газраас Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах чиглэлээр 3 ажлын хэсэг гаргасан талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Менежментийн хүү, зээлийн хүүг бууруулах ажлын хэсгүүдийн хэлэлцээрийн үр дүн гарч Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орсон. Миний бие ногдол ашиг авах ажлын хэсгийг ахалж байгаа.
Өнгөрөгч есдүгээр сард “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ногдол ашиг өгөхөө бататган хэлсэн. Тэгвэл өнөөдөр “Рио Тинто” болон “Оюу толгой” компаниас захидал ирлээ.
Захидлыг товчилвол, гэрээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаадаа талархаж байна. Ногдол ашиг өгөх асуудлаар хоёр тал харилцан ойлголцсон. 2027 онд өгөх ногдол ашиг нь татвар, АМНАТ болон бусад хураамжаас тусдаа дүн гэдгийг бататгажээ. Төлөвлөгөө гаргаад гурван шаттай төвлөрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж, удахгүй ажлын хэсэгт төлөвлөгөөгөө ирүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Аман хэлцэл төдий байгаа юм биш үү гэсэн иргэдийн асуултад ийнхүү албан ёсоор хариулт өгч байна" гэх мэдээлэл өгөв.