Монголчууд хүнд өвчний өмнө хүчин мөхөстөж, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтад өртөн, гэр бүлээрээ, ах дүү, хамаатан саднаараа үгүйрэн ядуурцгааж байна. Төр засгаас, ЭМЯ-наас Монголд эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн тоог цөөрүүлэх бодлого баримталж, эмч нараа гадаадад сурган, эмнэлгүүдээ тоног төхөөрөмжөөр хангаж буй гэх ч ачир дээрээ үр дүн бараг алга шив дээ. Одоогоос долоон жилийн өмнө нь л Монголд эмчлэх боломжгүй өвчний тоо 26 байв. Тэгвэл өнгөрсөн хугацаанд эл үзүүлэлт огтхон ч “хөдлөөгүй” бөгөөд 2024 онд ганцыг л эх орондоо нутагшуулснаар, жагсаалт дахь өвчний тоо 25 болоод буйг ЭМЯ-ныхан хэллээ. Тэдний тайлбарласнаар Монголд анагаах боломжгүй өвчнийг цөөлөх тийм ч амар биш, цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө асар их шаардлагатай гэнэ. Харамсалтай нь, албаныхны яст мэлхийн хурдаар ажиллаж буй урагшгүй байдлаас нь болж өчнөөн монгол хүн гадаадад эмчлүүлэх мөнгөгүйгээс эх орондоо амь тавьж буй. Байдгаа баран, хандив, тусламж гуйгаад арайхийн харь оронд очсон хэдээс илаарьшсан нь цөөн, олонх нь эндсэн нь харамсалтай.
Ганцхан жишээ дурдахад, 2025 онд цусны цагаан эсийн цочмог хавдартай 12 монгол иргэн БНХАУ-ын цусны эмгэг судлалын төв эмнэлэгт үүдэл эс шилжүүлэн суулгах явцдаа дөрөв нь нас барсан, бусад нь өдгөө үхэл, амьдралтай тэмцэлдэн эмчлүүлж байгаа талаар ар гэрийнхэн нь бидэнд хэлсэн юм. Эмчилгээний дундаж зардал нь 600 саяас нэг тэрбум төгрөг. Олон улсын эмнэлгүүд гадаадын өвчтөнүүдийг эдгээнэ гэж итгэл төрүүлэн хэвтүүлчхээд, их хэмжээний мөнгийг нь авчхаад адаг сүүлд нь “найдваргүй” болсон гэдэг шалтгаанаар ямар ч хариуцлага хүлээхгүйгээр эх оронд нь буцаадаг хатуу, харгис зарчимтайг иргэд хэлдэг ч үүнийг нь тоож байгаа эрхтэн дархтан манайд даанч алга даа.
Хүнээ эдгээх сэн гэх горьдлогын харцаар, итгэл найдвар тээн ширтэж буй хүмүүсийг харь орны эмнэлгүүд ийн өлхөн залилж, элдэв бусын эмчилгээ нэмж хийсэн болоод өвчтөнүүдээс өчнөөн зуун сая, тэрбум төгрөг халаасалдаг болсон. Манай төр засгийнхан ч эднээс ялгарах юмгүй, иргэдээ эх оронд нь эмчилж чадаагүйнхээ төлөө огтхон ч хариуцлага хүлээдэггүй, сэтгэл нь ч өвдөггүй. Өвчтэй зовлонтой хүмүүс нь л нийгэмд хэдэн зуугаараа гуйлга гуйгаад, уйлж дуулаад сууж байдаг. Эл дүр зурагт бид ч дасаж, нийтээрээ тэднийг нохой хуцсан чинээ ч тоохоо больсон нь эмзэглэмээр.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрынхнаас энэ талаар тодруулахад зайлшгүй шаардлагаар буюу Монголд анагаах боломжгүй өвчний оношоор гадаадад эмчлүүлсэн үйлчлүүлэгчийн эмчилгээний зардалд 2024 оноос хойш дэмжлэг үзүүлж буй аж. Үүнийг зохицуулсан, Засгийн газрын 78 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх журмыг Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/273 дугаар тушаалаар баталжээ. Гадаадад эмчлүүлэгсдэд 2011 оноос хойш эмчилгээний төлбөрийн буцаан олголт өгч ирсэн. 2011-2025 онд нийт 1500 гаруй иргэний эмчилгээний зардлын нөхөн төлбөрт 9.7 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас гаргасан гэв. Харин иргэд энэ мөнгөө авах гэж үйл тамаа “иддэг”, эсэн бусын шалтгаанаар буцаагддаг тухайгаа хэлж байна. 2024 оноос өмнө гадаадад эмчлүүлэгсдэд таван сая төгрөгийн л дэмжлэг үзүүлдэг байж. Энэ нь онгоцны хоёр талын тийзийн үнэд ч хүрэхгүй мөнгө. Харин өнгөрсөн жилээс дээрх тогтоолын дагуу насанд хүрэгчдэд эмчилгээний зардлынх нь 20 хувийг буцаан олгож буй гэх ч өчнөөн сараар луу унждаг, мөн нас барсан бол нөхөн олговор өгөхгүй хатуу журамтай.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг тунхагласан байдаг. Энэ бол төрийн зүгээр ч нэг амлалт бус, хангах ёстой үндсэн үүрэг нь билээ. Гэвч өнөөдөр Монголд эмчлэх боломжгүй өвчнөөр оношлогдсон иргэд эл эрхээ эдэлж чадахгүй, үхсэн, амьдаараа ялгаварлан гадуурхагдсан хэвээрээ. Угтаа иргэний эмнэлгийн тусламж авах эрх нь тухайн хүний санхүүгийн чадвараас шалтгаалах ёсгүй ч манай эрүүл мэндийн тогтолцооны өнөөгийн үнэн төрх, доголдол, гадаад эмчилгээний бодлогын “цоорхой”, олон улсын эмнэлгийн үйлчилгээний цаадах бизнес, эдгээрийн огтлолцолд монгол хүний амь хэрхэн үнэгүйдэж байгааг бодит нөхцөл гэрчилсээр буй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс иргэдийнхээ амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг нь хангахын оронд гадаадад эмчлүүлэгсдэд хэдэн төгрөг хялайлгасан болоод өнгөрч байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2024 оны тайланд монголчуудын гадаадад эмчлүүлсэн зардал 2022 онд 343.7 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 1.6 дахин өсөж, 565 тэрбумд хүрчээ. Энэ нь иргэдийн халааснаасаа гаргасан шууд валют бус, эрүүл мэндийн системийн зардлын аргачлалаар тооцсон дүн юм. Үүнээс гадна эх орондоо эмчлэх боломжтой ч эмнэлгүүдийн хүчин чадлаас шалтгаалж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр иргэд олноороо гадаад улсыг зорьсоор байна. Өнгөрсөн онд л гэхэд 31 иргэн эл шалтгаанаар харь улс руу зорчжээ. Эл тоо 2024 онд 27, 2023 онд 29, 2022 онд 46 гэхчлэн огт буурахгүй байгаа юм. Тэд ихэвчлэн Энэтхэг, Турк, БНХАУ, БНСУ, Тайланд, Сингапурт эмчлүүлжээ. Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардал нь элэг, бөөр, ясны чөмөг зэргээс хамаарч, 45-550 сая төгрөгийн өртөгтэй байдаг. Ингээд бодохоор зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд дээрх улс оронд эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс дунджаар 10-17 тэрбум төгрөг тийш “урсгасан” гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотоодын эмнэлгийнхээ тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд зарцуулах асар их нөөцөөрөө бид харь орноос эмчилгээ, үйлчилгээ худалдан авсаар уджээ. Хамгийн гол нь ийм их мөнгө жил бүр гадаадын эмнэлгүүд рүү “урсаж” байхад хэн ч эмзэглэхгүйд л учир бий. Ингэснээрээ бид Монголд эмчлэх боломжгүй өвчний тоог цөөрүүлэх бус, харин ч эсрэгээрээ харийн эмчилгээ, үйлчилгээнд хөрөнгө оруулсаар буй.
Эрхтэн шилжүүлэх, Монголд эмчлэх боломжгүй өвчний оношоор ч бус, зүгээр л оношилгоо, эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг л гэхэд 2024 онд 25 731 монгол иргэн зорьсныг тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны 2026 оны тайланд дурджээ. Энэ мэтчилэн харийн эмчилгээ шүтэгсэд жил ирэх тусам олширсоор буй нь манай эрүүл мэндийн тогтолцооны үнэн нүүр царай юм. Мэдээж хэрэг бүх өвчнийг Монголд эмчлэх боломжгүй. Бусад улс ч өөрийн орондоо эмчлэх боломжгүй өвчний жагсаалтаа батлан гаргадаг. Гэхдээ тэд манайхаас ялгаатай нь зарим төрлийн ховор өвчин, хэт нарийн төвөгтэй мэс заслуудыг олон улсын хамтын ажиллагаа, эмч нарын багт тулгуурлан хийсээр ирсэн. Хэдийгээр манайд эмчлэх боломжгүй өвчний тоо нэг, хоёроор ч болов цөөрч буй нь сайн хэрэг. Гэвч нутагшуулсан эмчилгээг нь цөөхөн хийдгээс хүртээмжтэй биш, эм, тариа, урвалж бодисын нийлүүлэлт муу учраас иргэдийн эрэлт, хэрэгцээг хангадаггүй аж.
Эрүүл мэндийн тогтолцоогоо амжилттай хөгжүүлсэн улс орнууд зөвхөн эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулснаар өнөөгийн түвшинд хүрээгүй. Тэд эмч, мэргэжилтэн бэлтгэх, судалгаа хөгжүүлэх, эмийн нийлүүлэлтийг тогтворжуулах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний чанарыг хянах системийг зэрэг хөгжүүлсэн байдаг. Тухайлбал, Тайланд улс 2001 оноос бүх нийтийн эрүүл мэндийн тогтолцоогоо өргөжүүлж, 2024 оны байдлаар 53 сая иргэнийг хамарсан даатгалын системээ бүрдүүлж чадсаныг “BMJ global health” сэтгүүлд онцолжээ.
Монголчуудын эмнэлгийн үйлчилгээ түлхүү авдаг Сингапур, Малайз зэрэг орон өндөр технологийн эмчилгээ, анагаахын судалгаа, эмнэлгийн менежментийг нэгтгэж, бүс нутгийн эрүүл мэндийн төв болж чадсан. Тэд өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авахаа урьтал болгоогүй. Түүнийг ашиглах эмч, техникч, лабораторийн мэргэжилтэн, сувилагч, эмийн тогтвортой хангамж, чанарын хяналт, санхүүжилтийн тогтолцоогоо түрүүлж хөгжүүлжээ. Манайх эмч нараа гадаадад сургах замаар эх орондоо эмчлэх боломжгүй өвчнийг цөөрүүлнэ гэж зорьж буй. Тэгвэл олон улсад эмч, мэргэжилтнээ гадаадад богино хугацааны сургалтад хамруулснаар нарийн мэргэжлийн эмчилгээг бие даан шууд хийх чадвартай болчихдог гэж үздэггүй. Урт хугацааны резидентурт сурч, хамтарсан мэс засал, гадаадын мэргэжилтний хяналт дор тасралтгүй мэргэшиж, дадлага хийхийг чухалчилдаг байна. Сургалтад зарцуулсан санхүүгийн үр шимийг ч хэчнээн өвчтөнийг эх орондоо эмчилснээр нь хэмждэг гэнэ. Адаглаад л бидэнд гадаадад эмчлүүлсэн иргэдийн тоо, өвчний онош, эмчилгээний төрөл, улс орон, нийт зардлыг нэгтгэсэн нээлттэй бүртгэлийн сан ч алга. Эндээс л эрүүл мэндийн үйлчилгээг импортлогч орон хэвээр байх уу, эсвэл иргэдийнхээ амьд явах эрхийг бодитоор хамгаалдаг улс болох уу гэдгээ сонгох хэрэгтэй юм.