Монголын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмчилгээний үр дүнг нэмэх зорилгоор “Эмнэл зүйн удирдамж, заавар боловсруулах аргачлал” сэдэвт семинар зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын 87 дугаар тогтоолоор “Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан билээ.
Мөн ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 оны тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганаар “Уламжлалт анагаах ухааны дэлхийн стратеги 2025-2034”-ийг баталсан нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, үндэсний бодлогыг олон улсын чиг хандлагатай уялдуулах чухал үндэс болжээ. Үүний хүрээнд зохион байгуулсан дээрх семинараар уламжлалт анагаах ухааны эмнэл зүйн зааврыг боловсруулах, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санал, арга зүйг хэлэлцсэн байна. Эмнэл зүйн зааврыг боловсруулж, практикт нэвтрүүлэх нь уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг нотолгоонд суурилсан, чанар, аюулгүй байдлын нэгдсэн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг хуралд оролцогчид онцолсон юм.
Ч.Болор