
Анд байсан хоёр арцалдагч болов
Өнгөрсөн сарын 27-нд болсон Парламент (Кнессет)-ийн сонгуулиар Израилд өрсөлдсөн эвслүүдийн нэг нь ч Засгийн газраа дангаар бүрдүүлэх хэмжээний санал ав сангүй. Эдний Парламент 120 суудалтай, 61 суудал авахад л ялчих юм. Тодруулбал одоогийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн эвсэл 53, сөрөг хүчний сионист эвсэл 48, Арабын намууд 19 суудал авчээ. Ийнхүү Ерөнхий сайд, “Ликуд” намын тэргүүн Парламент дахь давуу байдлаа алдав. 48 суудал авсан сөрөг хүчний сионист эвслийг ерөнхий штабын дарга асан Гади Аизенкот тэргүүлсэн юм.
“Ликуд” болон түүний холбоотнууд урьд өмнө нь авч байгаагүй суудалтай болсон Арабын намуудын эвслийг санал луйвардсан гэсэн хэл ам гаргасан ч Сонгуулийн төв комисс нь шалгаад сонгууль ёс журмын дагуу болсон гэж үзлээ. Ерөнхийлөгч Ицхак Герцог нь фракцын удирдагчидтай албан ёсоор хэлэлцээр хийгээд энэ сарын 6-ны байдлаар сөрөг хүчний удирдагч Гади Айзенкот нааштай үнэлгээ авчээ. Түүнийг сионист сөрөг хүчнээс гадна Арабын нам (РААМ)-ууд дэмжсэн байна. Сонгуульд оролцсон бас нэг хүчин ч дэмжиж. Тэд нэгдвэл нийлбэр дүнгээр 67 суудалтай болохоор байгаа аж. Сүүлийн үеийн байдлаар аль нэг эвслийн тэргүүнд Засгийн газар байгуулах үүрэг өгөх бололтой. Энэ үүргийг Гади Аизенкот л авах болов уу хэмээн шинжээчид, улс төрчид таамаглаж байна. Гэхдээ Арабын намууд Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй байх магадлалтай гэх байр суурь ч бас тэдний дотор цөөнгүй.
Ер нь илт давуу ялсан эвсэл байхгүйгээс Израил улс олон улсын тавцанд ацан шалаанд орчихоод байна. Нетаньяхуг дэмжиж байсан, түүнтэй хамт Ирак руу довтолсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНН завсрын сонгуульд ялагдсанаар тэртэй тэргүй эвсэл нь олонх болж чадаагүй Израилын удирдагчид тун эвгүй байдал бий болголоо.
Шинжээч, судлаачдын таамаглаж буйгаас үзвэл одоогийн байдлаар Израилын улс төр мухардмал байдалд ороод, сонгууль дахин явуулж эцэслэн шийдэж ч болзошгүй гэж байгаа.
Израилын цэрэг, улс төрийн зүтгэлтэн Гади Айзенкот 1960 онд Израилд төрсөн, армийн чөлөөнд байгаа дэслэгч генерал хүн. 2015-2019 онд армийн ерөнхий штабын даргаар ажиллаж байв. Тэрбээр 1978 онд цэрэгт явж, сургуулилалтын үеэр хүнд шархдаж байжээ. Офицерийн дамжаа төгсөөд салааны захирагч, ротын орлогч даргаар ажиллав. Ливаны анхдугаар дайн дуусахад халагдсан ч удалгүй цэргийн албандаа эргэж ирэв. 1988 онд батальоны даргын курс төгсөв. 1996-1997 он АНУ-д цэргийн коллежид суралцав. Эхуд Баракийг Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд байхад 1999 онд цэргийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар нь томилогдож, Засгийн газрыг арми, тусгай албадтай холбож, үйл ажиллагааг нь уялдуулах ажил хариуцаж байв. Энэ үүргийг Ариэл Шарон Ерөнхий сайд байхад ч гүйцэтгэв.
2005 онд хошууч генерал болж, Ерөнхий штабын Шуурхай ажиллагааг удирдах газрыг удирдах болжээ. Нэг жилийн дараа Ливаны хоёрдугаар дайны үед Умардын цэргийн тойргийн командлагч болсон байна. Тус тойргийн байлдах чадварыг сэргээхийг ихээхэн хичээж ажиллав. 2009 оны намар Израилын армийн Ерөнхий штабын орлогч дарга болох яриа гарсан ч тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Эхуд Барак өөр хүн томилсон юм. 2011 онд мөн албанд томилохыг энэ сайд санал болгосон ч Айзенкот хүлээж авсангүй.
2015 онд Армийн ерөнхий штабын даргын албыг хүлээж авав. Тус албанд байхдаа хуурай замын цэргийг үлэмж бэхжүүлж, армийн нөөц хүчийг тооны хувьд хумиж, сургалтын арга хэлбэрийг өөрчлөхөө зарлав. “Гидеон” нэртэй олон жил мөрдөх стратегийн хөтөлбөртөө армид хийх өөрчлөлтөө тусгаж, Цэрэг-улс төрийн танхимаар батлуулав.
Палестиний алан хядагчдын үйл ажиллагаа 2015 оны намраас ширүүслээ. Түүнийг сөрөх гол хүч нь Айзенкотын удирдсан арми байлаа. Гаазын зурвасын зүгээс ч аюул заналхийлэх болж, түүнд ч арми цохилт өгөв. Айзенкотыг Ойрх Дорнодын улс төрийн хүрээлэлд судалгаа хийлгэхээр 2019 онд Вашингтонд урьжээ. Энэ ондоо нэг их сургууль, нэг төвийн хүндэт доктор хэмээх цол хүртсэн байна. Цэргийн ажил албан тушаалыг орхиод аж ахуйн гэж хэл болох ажилд нэлээд зүтгэв.
2021 оны гуравдугаар сард болох товтой Парламентын сонгуульд тэрбээр нэрээ дэвшүүлнэ гэх чимээ сураг 2020 оны эцсээс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олны сонорт хүрэх болсон байна. Гэвч тухайн үед нь Айзенкот сонгуульд оролцохоос татгалзаад харин 2022 онд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, Кнессетийн депутат болов. Улмаар Нетаньяхугийн Засгийн газрын бүрэлдэхүүнд оржээ. 2025 оны есдүгээр сард тэрбээр “Яшар” нэртэй шинэ нам байгуулснаа мэдэгдэв. Энэ нам нь саяны сонгуульд эвслийг нь тэргүүлж оролцсон юм.
Гади Айзенкот барилгын инженер мэргэжилтэй америк бүсгүйтэй 1984 онд гэрлэжээ. Тэрбээр айлын есөн хүүхдийн хоёр дахь нь, өөрөө таван хүүхдийн эцэг юм. Залуудаа далбаат завины спорт сонирхож байжээ.
Беньямин Нетаньяху 1949 онд Тель-Авив хотод төржээ. Айлын хоёр дахь хүү, эцэг нь польш гаралтай. Эднийх хоёр ч удаа 2-4 жилээр Америкт амьдарч байж. 1987 онд Нетаньяху Израилд ирж армид алба хаав. Хэд хэдэн байлдаанд ч оролцож. АНУ-д Массачусет, Харвардын их сургуульд сурч, барилгын болон улс төрчийн мэргэжилтэй болжээ.
Сургууль номоо дуусгаж 1977 онд Израилдаа эргэж ирээд хэсэг хугацаанд аж ахуйн байгууллагад менежерийн ажил хийв. Улс төрийн агуулгатай өгүүллүүд бичиж, “Нью-Йорк таймс”, “Вашигтон пост”, “Ле Монд” зэрэг хэвлэлд нийтлүүлж, улс төрийн сэдвээр хэд хэдэн ном ч бичжээ.
АНУ-д Элчин сайд байсан Моше Аренс 1982 онд Нетаньяхуг өөрийн орлогчоор томилсон юм. 1983 онд АНУ-тай хэлэлцээр хийхэд Израилын төлөөлөгчдийг тэргүүлсэн юм. 1984 онд НҮБ-д улсаа төлөөлөн суув. 1988 онд эх орондоо буцаж ирээд “Ликуд” намын жагсаалтаар Кнессетийн депутат боллоо. Ерөнхий сайд Ицхак Шамир түүнийг Гадаад хэргийн дэд сайдаар томилов. 1996 онд Израилын түүхэнд анх удаа Ерөнхий сайдын сонгууль болж Нетаньяху ялж, Засгийн газрын хамгийн залуу тэргүүн болсон. Гэхдээ өрсөлдөгч “Авода” нам Кнессетэд олонх болсон тул эвслийн Засгийн газар байгуулахад хүрчээ. Инфляц нэмэгдэхийг зогсоож, улсын төсвийн хомсдолыг багасган, Израилын эдийн засгийг бэхжүүлэх зорилт түүнд тулгарлаа. Нетаньяху зах зээлийн эдийн засаг, чөлөөт үйлдвэрлэлийг дэмжиж байв. Улсын төсвийг батлахдаа “Ликуд” нам дотроо зөрчилдөж, Кнессет нь Нетаньяхугийн Засгийн газарт итгэхгүй байснаас 1999 онд сонгууль явуулж “Ликуд” нам сонгогчдын ердөө 14 хувийн санал авч ялагдав. Ингээд улс төрийн тавцангаас хөндийрсөн ч Нетаньяху түүнийг орхисонгүй. 2001 онд Ерөнхий сайд Эхуд Барак огцорч “Ликуд” нам хийгээд Засгийн газрыг Ариэль Шарон тэргүүлэх боллоо. 2002 онд “Авода” нам эвслээс гарч эвсэл Кнессетэд 55 суудалтай болсноос ээлжит бус сонгууль хийхээс аргагүй болсон байна. 2003 оны эхээр сонгуульд “Ликуд” томоохон ялалт байгуулав. Засгийн газарт Нетаньяхуд Сангийн сайдын суудал өгснөөр 2005 онд намаа удирдах болж, 2006 оны сонгуульд түүхэндээ хамгийн цөөн санал авлаа. 2009 онд тэрбээр намаа удирдан сонгуульд орж хоёрт орох амжилт үзүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч Шимон Перес Засгийн газар эмхлэн байгуулах саналыг 27 суудал авсан “Ликуд” намын даргад тавьжээ. Дөнгөж тангаргаа өргөөд байсан Засгийн газрыг хоёр жилд багтаан зөрчил тэмцлээ зохицуулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шаардав. Батлан хамгаалахын сайд нь огцорс ноос түүний үүргийг өөртөө авахаа Нетаньяху мэдэгдэв.
2022 онд Израил Кнессетийн ээлжит бус сонгууль хийлээ. Энэ нь дөрвөн жилийн дотор болж буй тав дахь сонгууль юм. “Ликуд” нам 32 суудал авсан нь өрсөлдөгчид дотроо толгой цохьжээ. Ийнхүү Беньямин Нетаньяху Израилын 37 дахь Засгийн газрыг толгойлох буюу Ерөнхий сайдын албанд зургаа дахь удаагаа очив. Энэ нь 2022 оны XII сарын 29 байв.
2023 оны аравдугаар сарын 7-нд Израил руу ХАМАС довтолсны дараа хариу цэргийн ажиллагаа эхлүүлж буйгаа түүний Засгийн газар зарлав.
Аюулгүй байдалд Нетаньяху голлон анхаарч Палестин-Израилын хоорондын зөрчил тэмцэлд хатуу чиг шугам баримталж ирэв. Тэрбээр Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг идэвхтэй эсэргүүцдэг нэгэн. Түүнийг Ойрх Дорнодын бүх улсаас гагцхүү Израилд л ийм зэвсэг байлгахыг эрмэлздэг гэж профессор Шмуэль Сандлер хэлсэн байдаг. Нетаньяху 2015 онд АНУ-ын Конгресс дээр хэлсэн үгэндээ “Дайнч ислам, цөмийн зэвсэг хоёр эвсэх нь энэ дэлхийн хамгийн том аюул занал. Ийм юманд бид хүргэх ёсгүй” гэсэн байна.
Тэрбээр Палестин улс байгуулах асуудлаар санал нийлдэггүй ч АНУ-ын Ерөнхийлөгч асан Жозеф Байдентай 40 гаруй жилийн танил, түүнтэй нөхөрлөж ирсэн байна. Дональд Трамптай ч ойр дотно харилцаатай. 1980-ад онд НҮБ-д Израилыг төлөөлж байхдаа эцэг Фред Трамптай нь нөхөрлөж явжээ. Жо Байденийг ялсанд нь түрүүлж баяр хүргэсэн хүмүүсийн тоонд орсноор Нетаньяху Трамптай харилцаа муудсан ч Израилыг, Нетаньяхуг дэмждэг гэж 2023 оны аравдугаар сард Трамп мэдэгдсэн юм.
Нетаньяхугийн анхны гэргий нь 1974 оноос ханилсан Мириам Вейцман, тэд нэг охинтой. Хоёр дахь нь 1981 оноос хамт амьдарсан Флер Кейтс, эд 1988 онд салжээ. 1991 оноос Сара Бен-Арцитай амьдарч буй, хоёр хүүтэй.
Р.Жаргалант