
Өчигдөр Тээврийн цагдаагийн албанд 396 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 234 нь зам тээврийн ослын шинжтэй мэдээлэл байна. Тухайлбал, 2020 оны 07.09-ны өдрийн 11:00 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт нэг хүн мотоциклтой осолдож нас баржээ.Түүнээс хойш 16:00 цагийн орчимд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт мөн нэг иргэн автомашины ослоор нас барсан байна.
Харин орой 18:00 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэрт автомашин осолдож долоон хүн амь насаа алджээ. Мөн 19:00-20:00 цагийн орчимд Дорнод аймгийн Гурван загал болон Баянтүм сумын нутагт хоёр хүн осолдож нэг өдрийн дотор 11 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тиймээс иргэдийг орон нутгийн замд зорчихдоо хурдаа зөв тохируулж, бүсээ зүүж, хүн болон ачаа тээврийн хэмжээг хэтрүүлэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.