Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” компанийн төлөөллүүд өчигдөр хэлэлцээний ширээний ард дахин суулаа. Талууд хагас жилийн өмнөөс “Оюутолгой” төслийг тойрсон багц асуудлаар хэлэлцээ эхлүүлж, зээлийн хүүг бууруулах талаар тохиролцсон юм. Эдүгээ 10.5 хувь байгаа хүүг яг хэд болгож бууруулахыг өчигдөр шийджээ. Зээлийн хүүг бууруулахтай холбоотой ажлын хэсгийг манай талаас Сангийн сайд З.Мэндсайхан ахалсан. Тэрбээр хэлэлцээ дууссаны дараа “Үр дүнд хүрсэн, одоо энэ талаар Ерөнхий сайдад танилцуулна” гэсэн юм. Улмаар талууд Ерөнхий сайд Н.Учралын өрөөнд уулзалтаа үргэлжлүүлэв. Уг асуудлаар хэлэлцээ хийхийн өмнө буюу уржигдар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан.
Тэгвэл Ерөнхий сайд “Рио тинто” компанийн төлөөлөлд Монгол Улсын хүртэх өгөөжийг 53 хувьд хүргэх, гэрээний нөхцөлийг долоон жил тутамд сайжруулах хугацааг 50 хувиар багасгах, зээлийн хүүг бууруулах зэрэг шаардлагаа тавьж, эдгээрийг хүлээж авахгүй гэвэл цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ хэлжээ. Улмаар талууд тохиролцсон аж. Үүний дараа л Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ хамт олон нийтэд албан ёсны тодорхой мэдээлэл өгөв. Зээлийн хүүг 7.9 хувь болгож, гэрээний нөхцөлийг сайжруулах хугацааг гурван жилээр тогтож чаджээ. Ингэснээр нийт 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж, манай улсын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8.7 их наядаар нэмэгдэхээр болсон, мөн энэ оноос ногдол ашиг авч эхлэхийг тэд мэдээллээ. Ерөнхий сайд энэ талаар “Бид эх орныхоо эрх ашгийг хэний ч өмнө хамгаалж чадахаа нотоллоо. Монголын баялаг иргэндээ хүртээмжтэй байх ёстой” гээд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр хэлэлцээг амжилттай хийсэн танхимынхаа гишүүдэд талархал илэрхийлсэн юм.
С.Уул