
Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар ХЗДХ сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол улсын эрүүгийн хуульд заасан 2021 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан.
Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоол юм. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна.
2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуулийн хэрэгжилт хоёр удаа хойшилж байсан. Тэр хуулийг 2021 оноос хэрэгжүүлнэ. Тиймээс тооцоо, судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Энэхүү хязгаарлах ял хэрэгжсэнээр хүн ажил эрхэлж, гэр бүлтэйгээ байх боломж бүрдэж байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг онооно. Тухайлбал, гагцхүү зам тээврийн осол, болгоомжгүй хүний биед халдсан зэрэг хүнд оноох юм.
Харин хүний амь нас хохироосон, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оноохгүй. Улаанбаатар хотод мэдээллийн ганцхан төв ажиллана. Ойролцоогоор жилд 1080 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноодог судалгаан дээр үндэслэсэн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Жишээ нь, оюутан хүн хөнгөн ял авлаа гэхэд энэ ялыг оноох юм. Өөрөөр хэлбэл, гэр сургуулийнх нь хооронд явах замыг нь татна. Хэрэв зааж өгсөн чиглэлээс гарсан тохиолдолд хорих ялаар солигдоно. Цахим гавыг хөл, гарт нь зүүнэ. Шүүх, шүүгдэгчийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, ялыг сонгох байдлаар хуульчилж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүснэ. Мөн ялыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан бугуйвчийн худалдан авалтанд онцгойлон анхаарч ажиллаж байна" гэлээ.