
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ хийх үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр мэдээллийг өглөө.
Тэрбээр "УОК-ын шуурхай штаб, Гадаад хэргийн яамны консулын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран 9 дүгээр сар гарснаар зургаан удаагийн тусгай үүргийн нислэг зохион байгуулсан. Тус нислэгээр 1063 том хүн, 274 хүүхэд, 217 өндөр настан нийт 1554 иргэн ирсэн байгаа.
Тусгаарлан ажиглах байрны иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэх зорилготой УОК, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын удирдлага нарын гурвалсан цахим бүлгэм нээн ажиллуулах юм.
Тусгаарлах байр өвлийн бэлтгэл, засвар, үйлчилгээтэй холбоотой завсарлага хүссэнийг уулзан санал солилцлоо. Мөн цаг агаарын улмаас хүйтэрч байгааг харгалзан УОК-оос тусгаарлалтад байгаа иргэдийн ар гэрээс дулаан хувцас оруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цаашдаа бид ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ хамтран Орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээ авах баг зэргийг чадавхжуулах, бэлэн байдлыг дээшлүүлэх үүрэг чиглэл өгөх зорилгоор ирэх долоо хоногоос аймаг бүрт сургалт зохион байгуулах юм.
Одоогийн байдлаар Монгол Улсад 2649 хүн тусгаарлалтад байгаагаас Улаанбаатар хотын 31 зочид буудал, амралтын газарт 2240 иргэн, орон нутагт 9 цэгт 409 иргэн тусгаарлан ажиглалтад байна" гэв.