
Тайланд улсад ням гарагт /2020.09.20/ зохион байгуулсан "Ургах нарнаас шингэх наран хүртэл” хэмээх нэртэй 12 цагийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд дэлхийн аварга Б.Буджаргал түрүүлжээ.
Тэрбээр тус тэмцээний хамгийн олон тойрог тойрсон, хамгийн хол зай туулсан, хамгийн богино хугацаанд замаа туулсан зэрэг үзүүлэлтээр шагнал хүртсэн байна. Холын зайн гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга Б.Буджаргал хагас жилийн хугацаанд Тайландад олон өдрийн цуврал уралдаан, тэмцээнд бэлтгэн, бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа аж.
Б.Буджаргал 2020 оны сүүлээр АНУ-д болох зургаан өдөр, зургаан шөнийн болон 10 өдөр, 10 шөнийн гүйлтэд оролцож, энэ төрөлд Дэлхийн аварга болсон амжилтаа бататгахын зэрэгцээ Дэлхийн дээд амжилт тогтоохыг зорьж байгаа юм байна.