
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд нийслэлийн тус дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн С /19 настай, эрэгтэй/-ын амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тухайн иргэний цогцсыг тус уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 09.24-ний өдрийн 16:20 цагт хүлээн авчээ.
Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг мөн өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.