
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 11 дүгээр хороололд баригдаж буй Үндэсний шинэ номын сангийн урд байруудад тулгаж барьсан барилгын үйл ажиллагааг зогсоож байгаа талаар нийслэлийн удирдлагууд, хууль, хяналтын байгууллагынхан мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Өчигдөр Ерөнхий сайд Үндэсний шинэ номын сангийн барилгад ажиллах үеэрээ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр өнөөдөр Зөрчилтэй барилгын ажлын хэсэг хуралдаж шийдвэр гаргасныг та бүхэндээ танилцуулж байна. Танай компани 2004 онд газраа авч, шат шатны сунгалтуудаа хийлгээд өнөөдрийг хүрсэн. Барилгын ажлын зөвшөөрлийг мөн цаг тухай бүрд нь авч байсан ч өнөөдөр хуралдаад ноцтой зөрчил гарсан.
Барилга Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдаагүй, барилга нэг тал руугаа 10 метр гүйж баригджээ. Ингэснээрээ оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан мөн норм, дүрэм стандартыг зөрчсөн байгааг манай стандартын газраас тогтоогоод байна. Тиймээс "Сант хаан" компанийн эзэмшил газрын барилгын үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоож байна” хэмээн танилцууллаа.
Харин "Сант хаан" компанийн захирал Д.Зоригт дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Манай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсны дараа СБД-ийн барилга баригдаж, тэндээс гарах бохирын шугамыг холбогдох байгууллагуудын ямар ч зөвшөөрөлгүйгээр манай газар дээгүүр тавьчихсан. Тиймээс барилгаа зүүн нь болгоод барьсан. Үүнийгээ Ерөнхий төлөвлөгөөний газартай зөвшилцөөд барилгын ажлаа эхлүүлж байсан юм" гэж хэлэв.