
Өнөөдөр “Ногоон технологи 2020” өдөрлөгийн нээлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
“Ногоон технологи 2020” өдөрлөг хоёр өдрийн турш байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа үргэлжлэх юм. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, гэр, байшингийн дулаалга, эко жорлон, хог хаягдлыг дахин боловсруулах технологи, химийн аюултай, хортой бодисын хуванцар савыг дахин боловсруулах эко технологи гэх мэт 35 аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм
Мөн иргэд өдөрлөгт хүрэлцэн ирж байгаль дэлхийд ээлтэй бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцахаас гадна БОАЖЯ, банкуудтай хамтран хэрэгжүүлдэг Ногоон зээлийн талаарх бүх талын мэдээллийг авах боломжтой юм. Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн татаасыг олгон, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жилд 8 хувийн хүүтэй ногоон зээлийн үйлчилгээг Хас банк, Хаан банк, Төрийн банктай хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа.
Энэхүү ногоон зээлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур авах, гэр байшингаа дулаалах, стандартын шаардлага хангасан эко жорлон, ариун цэврийн байгууламж суурилуулахад зориулж 224 иргэн, 43 аж ахуйн нэгжид 6.8 тэрбум төгрөгийн ногоон зээлийг олгожээ.