Жанжин Д.Сүхбаатарын талбайн орчимд цагдаагийн байгууллагаас талбай дээр суулт хийн, хонож буй иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэл гэмт хэрэг зөрчлөөс, урьдчилан сэргийлэх зорилгоор Талбайн зүүн баруун талын замын хөдөлгөөнийг түр хаасан. Тодорхой хэлбэл, 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний 22.00 цагт түр хугацаагаар хааж, 2022 оны арванхоёрдугаар сарын 10-ны өглөөний 09.00 цагт бүрэн нээж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай дээр 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс хойш иргэд Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан эрхийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж буй. Улмаар сүүлийн хоёр хоногт жагсаал илүү хурцдаж, жагсагчид төв талбайд хонон өнжин үзэл бодлоо илэрхийлж байгаа билээ. Төв талбай дээр 16 иргэн суулт хийж, дэмжигч 20-30 төлөөлөл хамтдаа хоножээ.