KFC компани Үндэсний цэцэрлэгт хүрээлэнп 1.1 га газарт үйл ажиллагаа явуулна хэмээсэн нь олны маргаан дагууллаа. Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайн 183 га талбайд тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ талбайн ерөнхий төлөвлөлт гарчихсан. KFC компани 2014 оноос хойш байгууллагынхаа ойг тохиолдуулан нийслэлийн иргэдэд хэрэгтэй тохижилт, бүтээн байгуулалт хийх хүсэлтийг тавьж, төслөө бичиж, хөрөнгөө босгосон.
Ингээд манай төлөвлөлтийн дагуу 1.1 га талбайд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, хүүхэд, залуучууд, ахмадууд, гэр бүлүүдэд зориулсан тохижилтын ажил хийхээр болсон юм. Энд ямар ч худалдаа үйлчилгээ, хөшөө, дурсгал байхгүй. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд зөвхөн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж, нийслэлийн өмчид бүртгүүлнэ. Мөн ногоон байгууламж сүйтгэхгүй, олон улсын стандартад нийцсэн зүлэг хийж, мод тарина” гэлээ.