Сүүлийн 11 жилд гэр бүлийхэнтэйгээ хамтран хот, хөдөөд мод тарьж, ургуулсан М.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Танай гэр бүл мод тарьж, хийсэн ажлаа цахим хуудсандаа байнга нийтэлдэг. Энэ нь бусдыг мод тарихыг уриалахад чухал нөлөөтэй санагддаг.
-Аравдугаар сарын сүүлч гэхэд мод тарих ажлаа дуусгах гээд чөлөөгүй ажиллаж байна. Мод үржүүлж бойжуулна гэдэг маш их хөдөлмөр, хүн хүч шаардсан ажил. Миний хувьд хэдийгээр үнэ хөлстэй үйлчилгээ үзүүлдэг ч мод тарих чин сэтгэлтэй хүмүүст мэдэхгүй, чадахгүй зүйлийг нь тайлбарлан, зөвлөгөө мэдээлэл байнга өгөхийг хичээдэг. Урин дулаан цагт өдөр бүр нэг айлын хашааг сайхан болгох сон гэж бодсоны үндсэн дээр цахим хуудсандаа мэдээлэл оруулдаг юм. Манай гэр бүл одоогоор хашаандаа монос, улиас, бургас, үхрийн нүдийг суулгацаар тарьж байна. Жижиг суулгацуудаа бортогонд ургуулдаг. Ихэвчлэн хувь хүн, албан байгууллагын ногоон байгууламжид ажилладаг. Тодруулбал, нүх ухаж, мод, зүлэг, цэцэг тарих, явган хүний зам, талбай, сүүдрэвч, хүлэмж барих, өвс хадах, зүлэг тэгшлэх, мод хэлбэржүүлэн тайрах гээд тохижилтын бүхий л ажлыг гүйцэтгэдэг. Эрчүүд нь нүх, шуудуу ухаж, эхнэр, хүргэн, охин, бэр мод тарих болон бусад ажилд тусалж байна. Хүү минь багаасаа л надтай хамт ажиллаж сурсан. Амьдарч буй орчноо тордох, байгаль дэлхийдээ хайртай, хувь нэмэр оруулах сэтгэлтэй хүн модоо ургуулахын төлөө бүхнээ зориулдаг. Бид ч байгаль дэлхийдээ олон зуун жил урган төлжих модлог ургамал тарьж байгаадаа сэтгэл дүүрэн, ядрахаа ч мэдрэхгүй ажилладаг.
-Өнөөдрийг хүртэл хэдэн мод тарьж, хэчнээн айлын хашааг ногооруулсан бол?
-Тарьсан модоо тоолж үзээгүй. Олон айл, албан байгууллагад тарьж өгсөн гээд тооцвол нэлээд их тоо гарах байх. Бид мод идэвхтэй тариад 11 жил болжээ. Жилд дунджаар 3000 орчим суулгац тарих үйлчилгээ үзүүлсэн. Тэгэхээр 30 000 орчим суулгац тарьсан байх. Үрээр тарьсантайгаа нийлүүлбэл илүү олон болно. Мод тарьдаг хувь хүн, үржүүлгийн газар сүүлийн үед олширчээ. Ийм газрууд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Тэд хангалттай олон суулгац бэлдэж, худалдаанд гаргаж байгаа гэхээр тэрбум мод тарих нь тийм ч хэцүү зүйл биш. Бидний хийсэн томоохон ажил гэвэл Төв аймгийн Баяндэлгэр сумд эхлүүлсэн мод үржүүлэг юм. Уг нутаг нэлээд хатуу ширүүн уур амьсгалтай. Хэдэн жил хөдөлмөрлөж, туршлагажсаны ачаар ногоон байгууламжийн ажил хийхэд дөхөм болсон. Улаанбаатар хотын олон газарт мод тарьсан. Ихэнхдээ гоёлын модыг хотын төвд тарьж, өнгө үзэмж нэмж байлаа. Мөн Чингэлтэй дүүргийн гэр хороололд моднууд тарьсан. Тухайлбал, шар хуайс, гацуур, нарс, цэцгэлдэг мод болох голт бор, өрөл, монос, бүйлс, мөн навч нь өнгө хувиргадаг агч, тэхийн шээг, тэс, тэсмэг зэргийг тарьж, ургуулж байсан юм. Нийтийн эзэмшлийн зам, талбайд мод тарихдаа хариуцсан эзэнтэй байлгахгүй бол маш хэцүү. Хугалж, гэмтээх, хулгайлах асуудал гарсаар л байна.
-Уг ажлаа эхлэх болсон шалтгаан юу байв?
-Анх би хүнсний ногоо тарьдаг байлаа. 2012 онд найз минь мод үржүүлэх ажилд хамтрах санал тавьсан юм. Ингээд Төв аймгийн Баяндэлгэр сумд гэр бүлээрээ нүүж ирэн, цулгуй газарт хашаагаа торлон татаж, ажлаа эхлүүлсэн. Газрынхаа чулууг нь түүн шигшиж, хашаагаа дагуулан нэлээд хэдэн мод үрээр тарьсан. Анх зөөврийн усалгаатай байлаа. Газар шороо нь мод, ургамал тарихад тийм ч тааламжтай бус, чийг багатай, цаг агаар нь ч хатуу ширүүн, салхи ихтэй газар байлаа. Гэсэн ч эхнэр, хүүхэд, дүү нартайгаа хамтран гурван жил хичээж ажилласан. Энэ хугацаанд ямартай ч мод үржүүлгийн газраа байгуулж чадсандаа урам зоригтой болсон доо. Модод ч сайхан ургаж эхэлсэн. Найз минь худаг, цахилгаан, хүлэмж, усалгааны асуудлаа шат дараатай шийдэж, бид ч улам туршлагажиж, мэргэшсэн.
Харин ар гэрийн асуудал болон ажил олгогч найзад санхүүгийн хүндрэл учирснаас бид буцаад хотдоо ирсэн. Гэхдээ үржүүлгийн газраа бүрмөсөн орхиогүй, одоо хүртэл ажиллуулж байна
-Мод тарихад мэдээж сэтгэл, зүтгэл чухал. Олон мод тарьж, ургаж буйг нь хараад танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?
-Тарьж, ургуулсан мод, ургамалдаа хөлс хүчээ зарцуулсан болохоор маш хайртай. Амьд харилцаа үүсдэг. Тиймээс өдий хүртэл энэ ажлаа хийн, үр шимийг нь хүртэж явна даа. Мод тарьж ургуулах нь миний болон гэр бүлийнхний минь хобби, дуртай ажил. Ялангуяа тарьсан модны навч, нахиа түрэн задарч, мөчир салаа бүр нь нэмэгдэх үйл явц үнэхээр гайхалтай. Өсөлт бойжилтыг нь өглөө бүр эртлэн харах гэж их л догдолдог доо. Байгаль дэлхий, газар шороо, ус, ургамал бүгд амьтай, ааш араншинтай, уялдаа холбоотой гэдгийг бодитоор мэдэрдэг.
-Таныхаар модыг аль улиралд тарих нь хамгийн зөв бэ?
-Модыг өмнө нь зөвхөн хавар, намар тарьдаг байлаа. Харин одоо өвлөөс бусад улиралд тарьдаг болсон. Учир нь бортогонд ургуулсан суулгацыг хэзээ ч тарьж болдог. Миний хувьд хавар тарих л их үр дүнтэй санагддаг юм. Намар тарьц, суулгацаа талбайгаас хугацаанд нь авч, зөв хадгалах нь хамгийн чухал.
-Ургаа моддыг хэр их тайрна, тэр хэмжээгээр ус багасна гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Байгаль дэлхийн бүх зүйл уялдаа холбоо, утга учиртай. Уул хөвч, мод, ургамал нь гүний ус, цэвдэг мөсийг хамгаалан, түүнээсээ шим хүртэн оршдог. Хүмүүс модыг огтолж тайрахын хэрээр маш их ус ууршиж, цэвдэг гэсэж, булаг, шанд ширгэж, байгальд нөхөж баршгүй хохирол учирдаг. Бас нэг мод тарихдаа нэлээд өвс, ургамлын үндсийг гэмтээж, нүх ухдаг. Тийм учраас маш хариуцлагатай, мэдлэгтэй байх ёстой.
-Иргэд танаас голдуу ямар зөвлөгөө авдаг бол?
-Иргэд тарьсан мод, ургамалдаа усалгаа, бордоо хэрхэн ашиглахыг асуудаг. Мөн ургахгүй хямарсан модоо яаж арчлах талаар зөвлөгөө авдаг юм. Тухайн газар орны хөрс, чийгшил, цаг агаараас их зүйл шалтгаалдаг. Тийм учраас арчилгаа, усалгаа нь ч өөр байна. Тогтсон хэм хэмжээ гэж байхгүй. Мөн модныхоо хадгалалт, тээвэрлэлт, бордооны тун хэмжээг ихдүүлэх, тарих явцад алдаа гаргаснаас ургахгүй байх нь элбэг. Миний хувьд мэдэх чадахаа харамгүй хэлж, зөвлөдөг. Тарих явцдаа л бичил хэмжээний сургалт бараг явуулчихдаг гэхэд болно. Мэдэхгүй, чадахгүйгээс болж алдаа гарган модоо үхүүлэх, тарьц, суулгацаа буруу сонгосноос хөрөнгө мөнгө, сэтгэл зүйгээрээ хохирох нь бий. Сүүлийн жилүүдэд иргэд мод тарих талаар маш их сонирхдог болсон. Гэхдээ шууд л том мод тарихыг боддог. Ийм модны үндэс, мөчир, эзлэхүүн том учраас шилжүүлэн тарих үед амьдрах чадвар нь буурдаг. Өөрөөр хэлбэл, буруу шилжүүлдгээс болж үндэс нь маш ихээр гэмтдэг юм. Эцэст нь ургаж чадахгүй үхдэг. Тиймээс зөв ургуулж бойжуулсан жижиг суулгац тарих нь эрсдэл багатай. Бас өсөж том болж буйг нь харах маш сайхан. Иймд судалгаа сайн хийж, зөв төлөвлөсний дараа мод тарих нь чухал. Мөн мэдлэг сайтай, туршлагатай хүнээс заавар, зөвлөмж авах нь зөв. Мод тариулсан, тарьсан хүмүүс 2-3 жил холбоотой ажиллахыг зөвлөдөг. Хамгийн хүндрэлтэй нь яаж зөв тарих, арчлах талаарх сургалт, мэдээллийг бүх шатанд үнэ төлбөргүй зааж, дадлагажуулах мэргэжилтнүүд дутмаг байна.
-Өвөл модыг хэрхэн арчлах талаар зөвлөнө үү?
-Мод, ургамлаа дулаалах, цасаар манаж хучих зэрэг ажил хийх ёстой.
-Тэрбум мод тарих санаачилгын хүрээнд ойн ургаа моддыг өөр газарт шилжүүлэн суулгах боллоо гэх шүүмжлэл гарч байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол орны ойн сан маш бага учраас хүн бүр мод тарих нь чухал. Гэхдээ энэ нь үр дүнтэй байх ёстой. Нэг газраас авчирч, нөгөөд суулгах нь утгагүй. Уулын ургаа модыг хот, суурингийн тохижилтод ашиглах асуудал олон жилийн өмнө л байсан. Одоо ч бий. Үүнийг ойн инженерүүдтэй хамтарч, зөв зохистойгоор хийх ёстой. Нэг дор хэт олноор шигүү ургасан модод томрох явцад цөөн хэд нь үлдэж, бусад нь үхдэг. Тэдгээрийн зайг холдуулан тарих зайлшгүй шаардлагатай л даа, уг нь. Гэтэл уулын жижиг шилмүүст моддыг хотод авчран зарж, хялбар аргаар мөнгө олдог хүмүүс цөөнгүй бий. Эл асуудалд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй.
-Экологийн тэнцвэргүй байдалд бидний хийж чадах зүйл нь мод тарих л байх?
-Айл өрхийн хашаанд ажиллах үеэр хүүхдүүд нь оролцох дуртай байдаг. Хүн, байгалийн уялдаа үүн дээр анзаарагддаг. Хүүхэд, залуус мод тарьснаар маш зөв төлөвшиж, байгаль дэлхийдээ ээлтэй хүн болно. Энэ мэтээр тоочвол олон давуу талтай. Саяхан 80 настай эмээгийнд мод шилжүүлэн суулгах ажил хийж өглөө. Модоо буруу зохион байгуулалтаар тарьсан байсан. Эдгээр модыг нь шилжүүлэн, зөв хэлбэрт оруулж суулгасан юм. Тэр эмээ моднуудаа маш их хайрладаг юм билээ. Ер нь хүн өөрийн тарьсан мод, ургамалдаа маш их хайртай болдог. Хүмүүс тэр мод маань гоё, энэ нь үзэсгэлэнтэй гэж магтаж ярьдаг. Мод тарих нь хүнд баяр баясал, маш их энерги нэмдэг. Дараа нь харахад сайхан шүү. Мод тарих нь зөвхөн байгальд өгч буй буян биш, бидэнд олон талаар тустай үйлс.