Та бодож байсан зүйлээ гэнэт мартдаг уу. Бельгийн Льежийн их сургуулийн танин мэдэхүйн мэдрэлийн судлаач Афина Демерци энэ талаар судалж, үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Mind blanking буюу оюун бодол хоосрох үзэгдэл нь хүний амьдралын нийт хугацааны 5-20 орчим хувьд тохиолддог гэнэ. Судалгаанд оролцогчдын тархины үйл ажиллагааг fMRI төхөөрөмжөөр шалгаж, хэд хэдэн асуулт тавих замаар хариу урвалыг нь ажиглажээ. Тэдэнд “Юу ч битгий бодоорой” гэж хэлэхэд тархины дунд шугамын хэсэг идэвхэжсэн нь бодлоо хүчээр дарах гэж хичээж буй үйл явцыг илтгэж буй аж. Харин сэтгэл санаа тайван байх үед нь “Та яг одоо юу бодож байна” гэж асуухад үүссэн тархины хариу урвал унтаж буй болон мэдээ алдуулсан үеийнхтэй төстэй байсан гэнэ. Аливааг мартаж, санах нь тархи идэвхгүй үед илүү тохиолддог бол сэргэг байхад анхаарал хэт хурц болж, бодлын урсгалд ордог нь ч нэг төрлийн ухаан хоосрох үзэгдэл байж болзошгүй гэжээ. Хийх гэж байснаа “мартаж”, юу ч бодохгүй хэсэг завсарлах нь тархи өөрийгөө амрааж, шинэчлэх, мэдээллээ цэгцлэх үе болдог тухай мөн дурдсан байна.
Д.Сэлэнгэ