2025 оны хөлбөмбөгийн клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA Club World Cup) АНУ-д эхэллээ. Тус тэмцээнд энэ жил анх удаа 32 баг оролцож байгаа бөгөөд дөрвөн долоо хоног үргэлжилнэ. Түүнчлэн эл тэмцээн дөрвөн жил тутам зохион байгуулагдах шинэ хуваарьт шилжиж байгаа юм. Энэ удаад тус тэмцээний хөрөнгө, санхүүтэй холбоотой мэдээллийг танилцуулъя.
ШАГНАЛЫН САН
Энэ жилийн клубүүдийн ДАШТ-ий шагналын сан нэг тэрбум ам.доллар юм. Чухам үүнээс шалтгаалж тус тэмцээнд анх тун таагүй хандаж байсан Европын том багууд АНУ-ыг зорихоор шийдсэн. Түүх сөхвөл, ФИФА-ийн ерөнхийлөгч Ж.Инфантино 2023 онд тус тэмцээнийг “ач холбогдлоороо шигшээ багууд оролцдог ДАШТ-ий дараа орох чухал тэмцээн болно” гэж мэдэгдэж байв. Зөвхөн телевизээр дамжуулах эрхийг зарж, дөрвөн тэрбум ам.доллар “босгоно” хэмээн тус холбоо тооцоолж байлаа.
Гэвч ФИФА хэд хэдэн телевизийн суваг, тэр дундаа Apple TV-тэй энэ талаар ярилцсан боловч тус стриминг суваг дөрөв дахин бага үнийн санал тавьсан байна. Үүнээс шалтгаалж ФИФА телевизийн эрхээ тендер зарлан борлуулахаар шийдсэн ч нэг ч санал ирсэнгүй. Гол зах зээлүүдийн хувьд тохиромжгүй цагаар явагдах учраас телевизийн сувгуудын сонирхлыг клубүүдийн ДАШТ огт татахгүй байлаа. Улмаар ФИФА үнийн саналаа ихээхэн бууруулснаар Apple TV бус DAZN суваг албан ёсны эрхийг авчээ.
ИВЭЭН ТЭТГЭГЧИД
Энэ тал дээр ч ФИФА төсөөлсөн шиг амжилттай ажиллаж чадаагүй. “Guardian”-ий мэдээллээс үзвэл тэмцээн эхлэхээс жил хагасын өмнө ФИФА ердөө ганцхан ивээн тэтгэгч буюу БНХАУ-ын Hisense компанитай гэрээ байгуулсан аж. Харин ФИФА-тай хамтран ажилладаг ивээн тэтгэгчид уг тэмцээнийг хүчин төгөлдөр гэрээнийх нь хүрээнд багтах ёстой гэж мэдэгдсэн ч шинэ тэмцээн учраас шинэ гэрээ байгуулах ёстой хэмээн ФИФА эсэргүүцсэн байна. Эцэст нь тус холбоо Hisense, AB InBev (согтууруулах ундаа үйлдвэрлэгч томоохон компани), Bank of America, Coca-Cola компанитай ивээн тэтгэгчийн гэрээ байгуулжээ. Сонирхуулахад, клубүүдийн ДАШТ-д зориулж тусдаа гэрээ байгуулсан нь таалагдаагүй учир AB InBev компани ФИФА-г Швейцарын арбитрын шүүхэд өгсөн тухай мэдээлэл бий. Мэдээж эдгээр дөрвөн компаниас гадна цөөнгүй ивээн тэтгэгч тус тэмцээнийг дэмжин ажиллаж буй.
Харин тэмцээн эхлэхийн өмнөхөн Саудын Арабын Баялгийн сан ивээн тэтгэгч, сурталчилгаа олгогчоор хамтран ажиллах болсон нь зардлыг нөхөхөд ихээхэн дэмжлэг үзүүлэх бололтой.
ОРОЛЦОГЧ БАГУУД
Клубүүдийн ДАШТ-д оролцож буй 20 баг ФИФА-аас нэг тэрбум ам.долларын урамшуулал авна. Үүнээс 525 саяыг зөвхөн тус тэмцээнд оролцсоных нь төлөө “бэлэглэх” бол үлдсэн 475 саяыг үзүүлсэн амжилтаасаа шалтгаалж хүртэх боломжтой.
Хойд Америк, Ази, Африкийн багууд тус бүр 9.55 сая ам.доллар авах бол Далайн орнуудын сүүлийн дөрвөн жилийн аварга “Оклэнд сити” хамгийн бага буюу 3.58 сая ам.доллар хүртэнэ. Харин Өмнөд Америкийн зургаан баг тус бүр 15.2 сая, Европын 12 баг 12,8-38,1 саяын төлбөр авах боломжтой.
Тэмцээний бонусыг дэлгэрэнгүй танилцуулбал:
•Хэсгийн тоглолтын ялалт тус бүр 2 сая, тэнцээ 1 сая ам.доллар
•Шөвгийн 16-д шалгарвал 7.5 сая доллар
•Шөвгийн наймд шалгарвал 13.1 сая доллар
•Хагас шигшээд шалгарвал 21 сая доллар
•Финалд шалгарвал 30 сая ам.доллар
•Түрүүлбэл 10 сая ам.доллар. Түүнээс гадна ирэх дөрвөн улиралд ФИФА-ийн тусгай алтан тэмдэгтийг жерси дээрээ наах эрхтэй болно.
Хэрэв Европын баг тус тэмцээнд түрүүлбэл дөрвөн долоо хоногийн хугацаанд 100 сая гаруй ам.долларын орлого олох бүрэн боломжтой. Чухам үүнээс шалтгаалж багууд солилцооны цонхны үеэр тун идэвхтэй ажиллажээ. Тухайлбал, зургаадугаар сарын 30-нд гэрээ нь дуусах байсан Т.Александр Арнольдыг “Реал”, Ж.Таг “Байерн” багууд яаран элсүүлсэн юм.
Харьцуулахад, УЕФА-ийн “Аваргуудын лиг”-т энэ жил түрүүлсэн ПСЖ баг суперцомын бонусыг нь тооцоод 170 гаруй сая ам.долларын шагнал хүртсэн. Бүтэн улирлын турш шүү дээ.
ТАСАЛБАР БОРЛУУЛАЛТ
Орлогын нэг гол эх үүсвэр нь (400 орчим сая ам.доллар) тасалбар борлуулалт байна гэж ФИФА тооцоолсон ч байдал эсрэгээр байна. Тасалбарын үнэ хэт өндөр мөн санал асуулга явуулах замаар үнийг янз бүрээр тогтоож байгаад үзэгчид гомдоллож буй. Улмаар тасалбарын үнэд сөргөөр нөлөөлж эхэлсэн санал асуулгыг явуулахаас татгалзсан байна.
Тасалбар борлуулалт муу байгаа нь эхний тоглолтоос л харагдсан. Тодруулбал, MLS-д зөвхөн нэг бүсийг тэргүүлсэн “Интер Майами” багийг нээлтийн тоглолтод урилгаар оролцуулсан нь ихээхэн маргаан дэгдээсэн билээ. Гэхдээ тус багийг ФИФА урьсан нь маркетингийн учир шалтгаантай байлаа. ФИФА-д Л.Месси хэрэгтэй байв. Гэвч Египетийн “Аль-Ахли”-гийн эсрэг тус багийн эхний тоглолтын ердөө 20 мянган тасалбар зарагдав. Гэтэл Майамигийн тус цэнгэлдэх 65 мянган үзэгчийн суудалтай юм. Тасалбар борлогдоогүйн гол шалтгаан нь хэт үнэтэй (хамгийн хямдхан нь 359 ам.доллар) байлаа. “Интер Майами”-гийн тоглолтыг америк үзэгчид үүнээс хэд дахин хямд үнээр үзэх боломжтой гэдгийг ФИФА тооцоолоогүй аж.
Клубүүдийн ДАШТ-ий эдийн засгийн үзүүлэлтээс товч дурдахад ийм байна. Тус тэмцээн ФИФА-ийн түүхэн дэх хамгийн өндөр алдагдалтай арга хэмжээ болж магадгүй юм.