УИХ-ын сонгуульд нам, эвслүүдээс гадна бие даагч гэдэг бүлэг оролцдог. Манай улс найман удаа парламентын сонгууль явуулахад 1996 оноос бусдад нь бие даагч гишүүд сонгогдож байжээ. Тэгэхээр тэд парламентын бүрэлдэхүүнд байнга байдаг нэг дүр гэсэн үг. Холимог тогтолцоогоор зохион байгуулах гэж буй хоёр дахь, үүн дотроо бүсчилсэн том тойрогт өрсөлдөх анхны сонгууль болох гэж байна. Бие даагчид гэдэг бол аливаа нам, эвсэлд харьяалагдаагүй хүмүүс. Тиймээс хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу намын жагсаалтаар сонгогдох хувилбар үгүй. Гагцхүү тойргоос сонгогдох 78 гишүүний дунд багтах, эсэх тухай яриа л тэдэнд хамаатай юм. Улс төрийн намд итгэл алдарсан сонгогчид бие даагчдыг дэмжих хандлага аливаа сонгуулийн өмнө идэвхэждэг. Харин энэ удаагийн нөхцөл байдал арай өөр. 3-4 аймгийг нэгтгэж томруулсан тойрогт 18 хоногт багтаан өөрийгөө сурталчилж, улмаар сонгогдох боломж “намгүй хүмүүс”-т хэр байх бол.
НАМААСАА ТҮР ТҮДГЭЛЗЭГСЭД
1992 оны сонгуульд 18 бие даагч өрсөлдөж, нэг нь сонгогдсон нь тухайн үеийн МАХН-ын гишүүн байсан Г.Зуунай аж. Тэрбээр намаасаа өрсөлдөх эрх авч чадаагүй учраас бие даан нэрээ дэвшүүлж, сонгогдсон байх нь. Манай түүхэнд 2004, 2012 онд тус бүр гурван бие даагч парламентад сонгогдсон нь хамгийн өндөр тоо юм. Бусад сонгуульд хэдэн “намгүй хүн” өрсөлдсөнөөс үл хамаарч нэг нь л “хүрд эргүүлсэн” байна.
2000 онд 27 хүн бие даан нэрээ дэвшүүлснээс аль ч намын харьяалалгүй Л.Гүндалай хэмээх залуу Хөвсгөлөөс бор зүрхээрээ сонгогдон гарч ирэв. Гэвч тэрбээр тун удалгүй АН-д элссэнээр “намгүй гишүүн”-ий замнал нь дууссан билээ. 2004 онд Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нар бие даан өрсөлдөж, гишүүн болсон. Тэд бүгд АН-ын гишүүн, “гомдогсод” байлаа. Р.Амаржаргал өмнө нь УИХ-ын гишүүн байсан бол нөгөө хоёр нь АН-даа тодорхой албан тушаал хашаад удсан, аймагтаа танигдсан эрхэм байв. Сонгуулийн үеэр янз бүрийн шалтгаанаар “виз” олгоогүй ч бие даан өрсөлдөөд сонгогдсон гишүүнээ намууд бушуухан буцаан авч, парламент дахь суудлаа нэмдэг уламжлалтай. Тэгэхээр эдгээр эрхэм удалгүй “төрхөмдөө буцсан” гэсэн үг. Найман удаагийн сонгуулиар жинхэнээсээ намгүй, гишүүн болсныхоо дараа ч аль нэг тийш элсээгүй хоёр л хүн үлдсэн нь 2008-2012 оны парламентад З.Алтай, 2016 оны УИХ-д С.Жавхлан гишүүн байсан юм. Холимог тогтолцоогоор зохион байгуулсан 2012 оны сонгуульд 26 бие даагч өрсөлдсөнөөс Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар сонгогджээ. Ц.Даваасүрэн ийнхүү хоёр дахиа парламентын гишүүн болсон бол Х.Болорчулуун Дорнод аймагтаа хэдийн танигдсан бизнесмен, С.Ганбаатарын хувьд олон нийтийн танил дүр болчихсон байлаа. Мөн эхний хоёр нь угаас МАН-ын гишүүн байсан тул сонгогдсоноосоо хоёр жилийн дараа “гэртээ харьсан”. Харин С.Ганбаатар ХҮН намын гишүүн болсон билээ. Үүнээс хойш тэрбээр нам нам дамжсаар одоо АН-д “түр зогсоод” буй.
2020 он бол бие даагчдын түүхэнд оргил үе байв. 208 хүн бие даан нэрээ дэвшүүлэхээр мөрийн хөтөлбөрөө илгээсэн ч 121 нь л хуулийн шалгуур хангасан. Гэвч ганцхан хүн буюу тухайн үедээ нам нь хоёр даргатай болж, маргалдсанаас үүдэн бие даан өрсөлдсөн Н.Алтанхуяг л гишүүнээр сонгогдсон юм. Парламентад нийт 11 бие даагч сонгогдсоны 80 хувь нь намаасаа түр түдгэлзэгсэд байсныг энэ бүх мэдээлэл харуулж буй.
СОНГОГДОХ ГУРВАН Л БОЛОМЖ
Сонгуулийн тухай хууль руугаа эргээд оръё. Эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуульд бие даагчдыг онцлон дэмжсэн ямар ч заалт үгүй. 801 хүний гарын үсэг цуглуулаад, нэрээ дэвшүүлэх эрх нь мэдээж нээлттэй. Гэвч 3-4 аймгийг нэгтгэсэн том тойрог, сурталчилгааны 18 хоног тэднийг хүлээж буй. Тойрогт өрсөлдөөд сонгогдох гуравхан боломж л бие даагчдад бий, яг л бусдынхаа адил.
Юуны өмнө олны танил байх. Угаас “хуучин” улс төрч буюу өмнө нь гишүүн байсан хэдий ч дээр дурдсанчлан намаасаа “виз” авч чадаагүй, эсвэл урлаг, соёл, спорт, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, нэгэнт танигдсан хүмүүст л илүү боломжийг тойргийн хуваарилалт олгож буй. Хоёрдугаарт, та олонд тийм их танигдаагүй ч хангалттай мөнгөтэй байх. Ингэвэл аймгуудыг богино хугацаанд тойрч чадахгүй, сонгогчдодоо хүрч өөрийгөө танилцуулж амжихгүй гэх мэт гомдол илүүц болно. Нисдэг тэрэг хөлөглөөд л асуудлаа шийдчих. Одоо зөв стратеги, тактик боловсруулах сайн пиар баг хэрэгтэй. Тэгж чадвал үзэл бодол, мөрийн хөтөлбөр, хэтийн зорилгоо сонгогчдод сайн ойлгуулж, танигдах боломжтой. Мөнгөгүй, олны танил биш бол мэдлэг, чадвар, шинэлэг санаагаа ашиглаад нэг үзэх юм даа. Гэвч сонгогчдод танигдах тал дээр хүч дутах болов уу.
Дэмжих намгүй, чирэгдэх “ах нар”-гүй, нисдэг тэрэг, сайн баг хөлслөх, санал “худалдаж авах” мөнгөгүй, ялгарах мэдлэг, үзэл бодолгүй, олны танил биш бол бие даан нэр дэвших гэж өөрийгөө зовоохын хэрэг гарахгүй нь.
ПАРЛАМЕНТАД БИЕ ДААГЧ ГИШҮҮН ШААРДЛАГАТАЙ ЮУ
Өмнөх 11 бие даагчийн түүхээс харахад “Үгүй” гэсэн хариулт гарч байна. Нам бараадаагүй үлдсэн хоёр гишүүнд эрх баригчдыг хүссэнээрээ шүүмжлэх л давуу тал байсан юм. Гэвч хэчнээн хэлж, эрх баригчдын бурууг шүүмжлээд үг нь ажил хэрэг болоогүй. Элс рүү ус цацах мэт өнгөрдөг учир гомдож, тунирхсаар бүрэн эрхээ дуусгасан. Гавьяат жүжигчин С.Жавхлан бие даагч гишүүний хамгийн сүүлийн “гунигт” жишээ юм. Сэтгүүлч З.Алтай бол өөрөөсөө хойших бие даагчдад “Бие даан сонгогдоод үр дүн гардаггүй юм билээ шүү” хэмээн сануулдаг болсон. Дуучин эрхэм ч адилхан байр суурьтай үлдсэн биз ээ. Тиймээс тэрбээр бусдынхаа жишгийг дагаж, 2020 онд С.Эрдэнийн АН-д элсэж, улмаар Увс аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон билээ.
2012 оны сонгуулиар гарч ирсэн гурван бие даагч хоёр жил орчим ажиллах гэж нэлээд оролдсон юм. Тэд албан бус зөвлөл байгуулж, чуулганаар хэлэлцэж буй асуудлаар даваа гараг болгон байр сууриа илэрхийлдэг байлаа. Бие даагчдын түүхэнд хамгийн олон хэдий ч 76 гишүүний дунд гуравхан хүний үг хүчгүй, үр дүнгүй. Тэгээд л ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад МАН-аа, нөгөөх нь ХҮН намыг бараадсан аж.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, тогтоолын төсөл санаачлах боломж тэдэнд бий. Гэвч олонхын дэмжлэг авах гэдэг том давааг давах учиртай. Нам, эвсэлгүй, бүлэггүй бол тухайн хүн өөрөө хэчнээн мэдлэг чадвартай, яриа хөөрөөтэй байгаад ч эрх баригчдын дэмжлэгийг хүлээх хэцүү. Тиймээс агуулгыг нь дэмжиж буй хуулийн төсөлд бусадтай хамтран санаачлагч хэмээн нэрээ бичүүлэхээс хэтэрдэггүй гэхэд хилсдэхгүй. Үг хэлж, зоригтой шүүмжлээд ч тэр нь шийдэл болохгүй, хуулийн төсөл санаачлаад ч батлуулж дийлэхгүй, ирц бүрдүүлж, суудал бөглөсөн л хүн болдог аж, бие даагчид. Хатуу сонсогдож буй ч өмнөх сонгуулиудын бэлээхэн туршлага байна шүү дээ. Тэгэхээр парламентад бие даагч сонгоно гэдэг нь УИХ-ын гишүүний нэг суудлыг дэмий үрэх, эсвэл угшилтай намд нь буцааж “алдана” л гэсэн үг болж байна. Одоо тэгвэл яах вэ.
Үр дүнгүй гээд иргэн хүний бие даан нэрээ дэвшүүлэх, сонгогдох эрхийг боомилох боломжгүй. Аль ч улс төрийн намын бодлого таалагддаггүй, тиймээс дэмждэггүй хүн олон бий. Төвийг сахисан байр суурьтай гэж болохоор ийм хүмүүст нэгэнт итгэл үнэмшилд нь нийцэх нам, эвсэл олдохгүй бол бие даан өрсөлдөх сонголт хийнэ. Цөөн зарим нь өөрөө нам байгуулж, үзэл бодол нэгдсэн хүмүүсээ олдог байх. Гэвч хүн бүр сонгуульд өрсөлдөж, улс орноо өөд татах гэгээн зорилгын төлөө нам байгуулаад байх боломжгүй. Чадал нь, санхүү нь, зориг нь ч дутна. Нөгөө талаар парламентын гишүүний суудал 126, намуудын горилогсод үүнээс хэд дахин олон. Тиймээс тохиролцож, эсвэл намын даргаа “найрч” чадаагүй хүмүүс нэр дэвших эрх авч чадахгүй үлдэнэ, гомдоно. Бие даагчдын олонхыг ийм шалтгаантай хүмүүс бүрдүүлдэг хойно. Тэгэхээр “намгүй хүмүүс” алга болохгүй.
Энэ удаа Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлт, тойргийн хуваарилалт зэргээс хамааран 2020 оных шиг олон хүн бие даан өрсөлдөхгүй л болов уу. Гэхдээ олон сонгуулийн дунджаар 40 гаруй хүн бие даан өрсөлдөх шалгуурыг хангаж, үнэмлэхээ авах нь тодорхой. Мажоритар тогтолцооны буюу тойрог жижиг байх үед ч бие даагчдаас 1-3 хүн сонгогддог байсан. Одоо хэдийгээр тойрог томорсон ч хувь улс төрчийн мэдлэг, чадвар, олонд танигдсан байдал, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөөс хамаараад “уламжлалын дагуу” ядаж 1-2 бие даагч сонгогдох биз ээ. Гэвч түүнийг хуучин намд нь алдах, эсвэл суудал бөглөх төдийхөн үүрэгтэй сул гишүүний ирээдүй л хүлээж байна.