Төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс тендер нэрийн дор ажил авчхаад хийх ёстойгоо хийхгүй гүрийж буй барилгын компаниудын талаар бид өнгөрсөн оны аравдугаар сард “Төсвийн хөрөнгийг царцаасан барилгуудын гүйцэтгэгч нарт хариуцлага тооцож чадах уу” гэсэн нийтлэлээрээ уншигчдад хүргэж байсан. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс тухайн үед хэлэлцүүлэг зохион байгуулахад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжуулан удаашралтай барьж буй болон зогссон цөөнгүй барилга, байгууламж бий гэдгийг сөхөж байв.
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаасан барилга, байгууламжийн төлөвлөлт, хяналтыг сайжруулах нь” сэдвээр зохион байгуулсан хэлэлцүүлгээр 2009-2024 он хүртэл 15 жилийн хугацаанд он дамнан барилга угсралтын ажил удаашралтай, зогссон 51 барилга, байгууламж байгааг хөндөж байсан. Дээрх зогссон барилга, байгууламжуудыг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр анх төсөвт суулгаж байсан юм. Улмаар холбогдох байгууллагуудаас гэрээний дагуу 88.2 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд олгосон аж. Эдгээр 51 барилгын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн болон сурагчдын дотуур байр, спорт заал байсан.
Дээрх хэлэлцүүлгийн үеэр он удаан жил баригдаж буй барилга, байгууламжийн удааширсан, зогссон шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа, эсэхэд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, АТГ-аас зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн юм.
Уг зөвлөмжийн дагуу удаашралтай болон ажил зогссон барилга, байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүн гарч байгааг Барилгын хөгжлийн төвөөс АТГ-т мэдэгджээ. Тухайлбал, 51 төсөл, арга хэмжээнээс 12 барилга, байгууламжийн гэрээг цуцалж, хоёрыг нь ашиглалтад хүлээлгэн өгч, гурвынх нь үлдэгдэл ажлын тоо хэмжээг баталгаажуулан төсвийн ерөнхийлөн захирагч руу хүргүүлсэн гэнэ. Ингэснээр нийт 17 төсөл, арга хэмжээний асуудлыг шийдвэрлэжээ.
Г.Орчлон