Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өчигдөр тохиолоо. 1925 оны тавдугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг ЗХУ-ын нисгэгч А.А.Лапин жолоодон ирж, газардуулсан түүхтэй. Эл газарт хожим Эх орны дайны хүнд үед Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард” эскадриль буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэж байсан түүхэн үйл явдлыг гэрчлэн мөнхөлж, дурсгалын хөшөө босгожээ. Өөрөөр хэлбэл, Монголд анх удаа нисэх онгоц буусан газар буюу нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Офицерын тойрогт тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг сүндэрлүүлсэн юм. Уг хөшөөг 1985 онд ОХУ-ын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулжээ.
“Монгол ард” эскадрилийн хөшөөнд өнгөрсөн баасан гарагт Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй албаны хүмүүсцэцэг өргөсөн юм. Мөн түүхт 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болов. Харин өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Нисэх хүчний үүсэл, хөгжлийг харуулсан олон сонирхолтой үзмэр, гэрэл зургуудыг дэлгэсэн үзэсгэлэнгээр уг арга хэмжээг эхлүүлжээ. Үүний дараа онгоц, нисэхийн техникүүд, 1000 орчим алба хаагч оролцсон ёслолын жагсаал, агаарын үзүүлбэр, шүхрийн буулт зэрэг үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, олон нийтийн нүд, сэтгэлийг баясгав. Тухайлбал, ОХУ-ын “Стрижи” багийнхны үзүүлсэн уран нислэгийн үзүүлбэрийг үзэгчид онцолж байна. Дуунаас хурдан, орчин үеийн сөнөөгч дөрвөн онгоцоор эл үзүүлбэрийг үзүүлсэн юм. Хэвтээ тэнхлэгийн дагуу 360 хэмд их хазайлтаар ромбо хэлбэртэй дүрс үүсгэсэн үзүүлбэр нь харахад уран гоёмсог ч нисэх бүрэлдэхүүнээс дээд зэргийн анхаарал, ур чадвар шаарддаг аж. Түүнчлэн агаарын бөмбөлөг хөөргөх, үдшийн цэнгүүн, ёслолын буудлага зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгууллаа.
Ташрамд дуулгахад, манай улсын иргэний агаарын тээвэр 48 улсын 261 цэгт хуваарьт нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалттай аж. Одоогоор дотоодын таван агаарын тээвэрлэгч 26 улсын 59 хотын чиглэлд олон улсын, орон нутгийн 12 чиглэлд нислэг үйлдэж байна.
Ч.Болор