Сонгуулийн ерөнхий хорооноос намуудын санхүүгийн тайланг хянаж дууссан байна. Уг асуудлаар өчигдөр тус хорооноос улс төрийн намууд, судлаачдыг оролцуулсан уулзалт зохион байгуулав. Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т заасны дагуу намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа долоодугаар сарын 20, эцсийнхийг дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд ирүүлэх үүрэгтэй. Үүний дагуу Дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас 29 нь тайлангаа хуулийн хугацаандаа ирүүлсэн аж. Үүнийг тус хорооныхон хянаж дуусаад, нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан, төрөөс санхүүжилт авах эрхтэй есөн намын тайланг хянуулахаар Үндэсний аудитын газарт хандсан байсан юм.
Тэгвэл ҮАГ-аас сүүлийн хяналт хийсэн албан бичгээ уржигдар ирүүлсэн тул ийнхүү нам, судлаачидтай уулзан танилцуулж, алдаа, оноогоо ярилцаж буй аж. Өнгөрсөн онд долоон нам төрөөс 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Үүнийг хуулийн дагуу тодорхой хувиар нийгмийн бүлгүүд, намын гишүүдийнхээ боловсролд, мөн бодлого болж хөгжих үйл ажиллагаандаа зориулах ёстой. Тиймээс төрийн санхүүжилт олгосны дараа гаргасан эхний тайлан байснаараа онцлог гэдгийг СЕХ-ныхон онцлов.
Энэ үеэр улс төр судлаач Э.Гэрэлт-Од “СЕХ намуудын санхүүжилт, орлого, зарлагын тайланд хяналт хийгээд, ил тод мэдээлж байгаа нь сайн хэрэг. Намуудын 2025 оны тайлангаас харахад Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хамгийн их хөрөнгөтэй нам 31 тэрбум төгрөгтэй гэж мэдүүлсэн бол заримд нь юу ч алга. Мөн МАН гэхэд 316 мянган гишүүнтэй атал тэднээсээ татвараа 100 хувь авч чаддаггүй аж. Тус намынхан 2025 онд хандиваар тэрбум, гишүүдийн татвараас 310 сая төгрөг л цуглуулсан байна. АН 200 гаруй мянган гишүүнийхээ 2000 гаруйгаас нь л татвар авчээ. Гэтэл зарим нам хуулийн босгонд заасан 801 гишүүнтэй байна. Уг нь намуудын орлого гишүүдийн татвар, хандив, өөрийн орлогоос бүрдэх ёстой” гэлээ.
С.Уул