Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулахтай холбогдуулан эрх зүйн орчныг сайжруулах, үйл ажиллагааны загвар, бүтцийг олон улсын сайн туршлагад тулгуурлан судлах хэрэгцээ, шаардлага үүсээд буй. Үүний хүрээнд мэргэжилтнүүд Япон Улсын гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүхтэй танилцан, туршлага судалсан байна.
Эл арга хэмжээг Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Японы Хууль зүйн яамныхантай хамтран Токио хотод зохион байгуулжээ. Үүнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, ХЗДХЯ болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцсон аж.
Ташрамд, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааг одоогоор эхлүүлээгүй байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ батлаагүй. Мөн Гэр бүл, хүүхдийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай процессын хуулийг батлах ёстой юм. Хууль баталсны дараа дээрх шүүхийн үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бэлтгэлээ хангасан аж.
Ч.Болор