АНУ-д Холбоо, кибер аюулгүй байдлын офицерын дамжаанд суралцаад ирсэн, ахлах дэслэгч С.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Түүнийг онцлох болсон нь учиртай. Тэрбээр тус улсад суралцах хугацаандаа ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн алтан тэмдгийн болзол хангасан юм. Германы Зэвсэгт хүчнээс АНУ-д суралцаж буй дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдын дунд энэхүү мэргэжлийн зэргийн шалгалтыг явуулдаг бөгөөд тэднээс ихээхэн тэсвэр тэвчээр, овсгоо самбаа шаарддаг аж. Дээрх шалгалтад Монголын зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцож шалгаран, эх орныхоо нэрийг олон улсын зэвсэгт хүчнийнхний дунд өргөсөн гавьяатай.
-Юуны өмнө дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг зэвсэгт хүчинтэй Германы цэргийн мэргэжлийн зэргийн шалгалтад тэнцэж, монгол цэргийн хүч чадал, тэсвэр тэвчээр, мэдлэг боловсрол, нэр төрийг өргөсөнд тань баяр хүргэе.
-Санаа бодлыг минь сонсохоор ярилцлагадаа урин оролцуулж байгаад их талархлаа. ХБНГУын зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн зэргийн шалгаруулалт нь НҮБ, НАТО болон энхийг дэмжих ажиллагаанд хамтран ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготойгоор холбоотон орнуудын цэргийн албан хаагчдын дунд зохион байгуулдаг бие бялдар, онол, сэтгэл зүйн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлдэг цогцолбор шалгалт юм. АНУ-ын цэргийн алба хаагчдын томоохон сорилт болсон энэхүү шалгаруулалтад оролцож, эх орныхоо нэрийг зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний чадвар, бэлтгэлжилтийг харуулж, алтан медалийн болзол хангасандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ амжилт нь намайг бэлтгэн хүмүүжүүлсэн сурган хүмүүжүүлэгч багш, ахлах захирагч нар, үргэлжид туслалцаа, дэмжлэг үзүүлдэг хамт олон, арыг минь бат даадаг гэр бүлийн минь хөдөлмөрийн үр дүн юм. Шалгаруулалтын үеэр оролцогчид “Монгол хүчтэй”, “Чингис хаан, Чингис хаан” үзүүлээд өг гээд хашхирч байсан нь ихэд урам зориг, хүч өгч, тусгаар тогтносон эх оронтой, бахархах түүхтэй, дархан хилтэй, даян дэлхийд танигдсан буурал өвгөдтэй байхын сайхныг биширч байлаа.
-Аль ч улсын зэвсэгт хүчин өөрийн бие бүрэлдэхүүнийхээ дунд бие бялдрын болон мэргэжлийн норматив тогтоож, түүгээрээ шалгалт аван мэргэжлийн зэрэг олгодог. Манайд ч ийм байдаг. ХБНГУ-ын зэвсэгт хүчний мэргэжлийн зэргийн шалгаруулалт юугаараа онцлог вэ?
-Тийм шүү зэвсэгт хүчинтэй улс орон бүр цэргийн алба хаагчдынхаа чадавх, бэлтгэлжилтийг үнэлэх шалгалт, сорилттой байдаг. Тус шалгалтын үндсэн зорилго нь байлдааны цагийн байдалд илүү ойртуулсан, тулгарч болзошгүй бүх төрлийн саад бэрхшээлд бэлэн байх шаардлагуудыг нэгтгэснээрээ онцлог. Уулархаг, ойн зурвас бүхий газарт үүрэг гүйцэтгэх чадавхийг шалган 12 кг ачаа үүрч, 12 км зайд гүйх, байлдааны үед шархдагсдад бүх төрлийн анхан шатны тусламж үзүүлэх, гол, мөрөн, нуур, далайн бүс дэх дайны ажиллагаанд тохирсон цэргийн дүрэмт хувцастай усанд сэлэх, буудлага, дайсныг хөнөөх чадварыг үнэлэх, тэсвэр, хурд, хүч, биеийн тамирын шалгуур үзүүлэлт гэх мэтчилэн цогцолбор шалгалт болгон нэгтгэснээрээ илүү олон төрлийн ур чадвар шаарддаг.
-Германы цэргийн мэргэжлийн зэргийн шалгаруулалт АНУ-д жил бүр болдог уу, энэ жилийн шалгаруулалтад хэчнээн орны, хэдэн алба хаагч оролцов. Монголоос та ганцаараа оролцов уу, өмнө нь манай алба хаагчид энэ шалгалтыг өгч байсан юм болов уу?
-Тухай бүрд нь зохион байгуулдаг. Мэдээж АНУ-ын цэргийн бааз дээр зохион байгуулж буй учраас эзэн орноос цэргийн 47 алба хаагч, холбоотон орнуудаас тус бүр таван алба хаагч оролцсон. Монгол Улсаас миний бие болон дэслэгч С.Санаасайн оролцож, мөнгөн медалийн болзол хангасан. Гадаадын оюутнуудаас хоёр монгол суралцагч шалгарсан нь бахархууштай. Урьд нь энэ шалгалтыг манайхнаас өгч байсан, эсэхийг мэдэхгүй. Зохион байгуулагчид нь “Монголын сонсогчдыг анх удаа харж байна, та хоёрт усан сэлэлтийн шалгалт л хүнд байх болов уу” гэж байсан. -Германчууд цэргийн мэргэжлийн зэргийн шалгаруулалтаа гадаад оронд, тухайлбал, АНУ-д өөр орны цэргийнхний дунд зохион байгуулдаг нь ямар учиртай юм бол оо? -ХБНГУ-ын Зэвсэгт хүчний мэргэжлийн тэмдэг буюу GAFPB нь 1971 оноос эхтэй. 1980-аад оноос НҮБ, НАТО-гийн орнуудын Зэвсэгт хүчний цэргийн мэдлэг, бэлтгэлжилтийг шалгахын сацуугаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, ур чадвар, мэдлэгээрээ дамжуулан хоорондын нөхөрсөг байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Олон улсын цэргийн сургалт, хамтарсан ажиллагаанд ур чадварын баталгаа болсон шалгалт юм.
-Зэвсэгт хүчний мэргэжлийн зэргийн шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд ямар нэг давуу тал байдаг уу. Тухайлбал, тус улсын зэвсэгт хүчинд алба хаах ч юм уу, цэргийн сургууль, академид нь суралцдаг ч юм уу?
-Мэдээж уг шалгаруултад амжилт үзүүлэх нь хамгийн түрүүнд тухайн цэргийн алба хаагчийг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт өндөртэйг гэрчлэх баталгаа болдог. Түүнчлэн тус шалгаруулалтад амжилт гаргасан цэргийн алба хаагчдаа цалингийн 15 хүртэл хувиар урамшуулах тогтолцоо АНУ-д бий. Шалгаруулалтад оролцсон цэргийн алба хаагчдын зэвсэгт хүчин бүр өөр өөрөөр дэмжлэг туслалцаа үзүүлдэг гэсэн. Манай улсын хувьд тийм боломж хараахан нээлттэй биш болов уу. Гэхдээ бидэнд зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид дундаа I, II, III зэргийн цэргийн мэргэжлийн зэрэг олгодог бөгөөд уг зэрэг болгон нь цалингийн урамшуулалтай. Сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчнийхэн хүндээ илүү чиглэсэн, дэмжсэн бодлого нэвтрүүлж буй.
-Цэргийн мэргэжлийн зэргийн шалгалт зөвхөн гүйж харайх, буудах гэхээсээ орчин үеийн техник, технологи, цэргийн болон дайны онол, стратеги, тактик гээд нарийн байдаг болов уу. Та энэ бүгдийг давсан гэхээр бахархаж байна. Бие бялдрын болон онолын, техник, технологийн тэр бүх мэдлэг, чадварыг хаанаас авав.
-Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн үеэр “Монголчууд тэнгэр заяатай түмэн. Яагаад гэхээр гагцхүү монгол хүн л өвлийн улиралд 50 хэмийн хүйтэн, зуны цагт 50 хэмийн халууныг дааж, өндөрлөг газарт дасан зохицож амьдардаг учраас, бие бялдар, оюун санаа уужим, тэсвэртэй төрдөг өгөгдмөл гентэй” гэж хэлж байсан юм. Анх удаа оролцоход мэдэхгүй, чадахгүй ойлгомжгүй зүйл олон байсан ч аливааг сонсох бус, харж, мэдэрч, дасан зохицож ойлгох чадвар өндөртэй улсын иргэд юм аа гэдгийг ихэд ухаарсан. Зав чөлөө гаргаж, тусгайлан бэлдэж чадаагүй ч өдөр тутам биеийн тамирын дасгал сургууль, сургалт бэлтгэлдээ сэтгэл гарган бэлдсэнээр ажрахгүй давж чадсан. Зарим шалгалтын үеэр тухайн цаг үед бусад цэргийн алба хаагчийн хийж буйг сайтар ажиглаж, түргэн сурч давсан тохиолдол ч бий.
-Өөрөө ахлах дэслэгч цолтой гэсэн. Цэргийн сургууль төгссөн үү, эх орондоо хаана алба хаав?
-Би Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцаж, 2020 онд төгссөн. АНУ-д суралцах хугацаандаа төрөлх сургууль, намайг бэлтгэн хүмүүжүүлсэн багш, офицер, ахлагч нараараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан. Учир тэнд суралцагчдын олж авах гэж хичээж буй зарим, мэдлэг, чадварыг аль хэдийн сурчихсан, цаг баримтлах, ахлах дарга аа хүндлэх соёлд суралцах дадал эзэмшсэн нь давуу тал болж байсан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар, УИХ, Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний алба хаагчаа дэмжсэн, төсөв өртгийг нь нэмэгдүүлэхүйц дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа ч тангараг өргөсөн цэргийн алба хаагч бүр хичээл зүтгэлтэй, мэрийлттэй ажиллаж, залуу офицер, ахлагч, боловсон хүчнээ бэлтгэдэг болохыг сургалтын хугацаанд ихэд ухаарсан. Зэвсэгт хүчний холбооны ууган хороонд алба хашиж байгаад уг сургалт, дамжаанд хамрагдсан.
-АНУ-ын Холбооны офицерын үндсэн дамжаанд хэдий хугацаанд суралцав?
-Тус сургалт нь долоон сар үргэлжилсэн.
-Шинжлэх ухаан, технологийн хамгийн шилдэг ололтуудыг ашигладаг улсын цэргийн холбооны техник, технологи маш өндөр хөгжсөн байх. Тэднээс суралцах, өөрийн орны Зэвсэгт хүчиндээ нэн тэргүүнд нэвтрүүлэх зүйл юу байв?
-Суралцах, хэрэгжүүлэх, шинээр нэвтрүүлэх олон төрлийн сургалтын хөтөлбөр байхаас гадна төсөвт өртөг багатайгаар бүтээж болохуйц бүтээл, техник, хэрэгсэл ч их байсан. АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй. Дэлхийн аль ч өнцөгт 24 цагийн дотор шилжин байрлаж, үүрэг гүйцэтгэх чадвартай гэж ярьдаг. Үүрэг гүйцэтгэлтээсээ шалтгаалан түргэн шуурхай байх үүднээс техник хэрэгслүүд нь нүсэр бус, аль болох жижиг, угсрах ашиглахад хурдан, хөнгөн, өнгөлөн далдлах боломжтой бичил төхөөрөмж, хэрэгслүүдийг түлхүү хөгжүүлжээ. Орчин үеийн дайн байлдаанд нисгэгчгүй нисэх хэрэгсэл, роботуудын оролцоо их боловч түүнээс чухал нь мэргэшсэн цэргийн алба хаагч. Тэд зэвсэгт хүчний амин сүнс гэж номлож байсан. Нэг мэргэжлийн цэргийн алба хаагч хэдэн ч нисгэгчгүй хэрэгсэл, техник тоног төхөөрөмжид цохилт өгөх боломжтой гэж сургаж буй нь үнэхээр сэтгэлд хүрсэн шүү.
Д.Заяабат