Хонконгт эхэлсэн шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Анугийн удирдлагад “The MongolZ”, мөн “Алдар” спорт хорооны шигшээ баг, 2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилалд “Босоо ноён” клубийн тамирчид оролцож буй. Энэ сарын 22-нд өндөрлөх уг тэмцээнд эрэгтэйчүүдийн шигшээ багаас I ширээнд их мастер С.Билгүүн, II ширээнд олон улсын мастер Г.Амартүвшин, III ширээнд С.Чингүүн, VI ширээнд Б.Цогтбаяр тоглож байна. Эмэгтэйчүүдээс IV ширээнд Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, V ширээнд олон улсын мастер Б.Мөнгөнзул ур чадвараа сорино. Улс бүр дээрх тэмцээнд их мастер цолтнуудаар бүрдүүлсэн шигшээ болон мэргэжлийн тоглогчидтой шилдэг багаа илгээдэг тул хамгийн нэр хүндтэйд тооцогддог аж. Монгол Улсын шигшээ өнгөрсөн жил тус тэмцээнд 2400 хүртэлх чансаатай багуудын ангилалд түрүүлж, аваргын цом эх орондоо авчирсан билээ.