Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлахтай холбоотойгоор парламентад олгосон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-д өргөн мэдүүлэв.
2025 онд улсын төсвийн 2.1, гадаадын зээл, тусламжийн 1.8, нийт дөрөв орчим их наяд төгрөгөөр 729 төсөл, арга хэмжээг санхүүжүүлжээ. Үүний хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулснаар 110 мянган ажлын байрыг хадгалж, улсын хэмжээнд 490 барилга, байгууламжийг ашиглалтад оруулсныг Сангийн сайд онцлов. Өнгөрөгч онд улсын төсвийн нийт орлого, тусламжийн гүйцэтгэл 96.7, зарлага болон цэвэр зээлийн гүйцэтгэл 90.5 хувьтай гарчээ. Төсвийн тогтворжуулалтын санд 429.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 119, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 443.5, нийт 562.5 тэрбумыг төвлөрүүлсэн байна.
Сангийн сайд 2025 оны төсөвтэй холбоотой гол үзүүлэлтүүдийг ийнхүү танилцуулаад, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн баталгаажуулсан гэдгийг дурдлаа.
Н.Мишээл