Өглөө сэрээд савласан ус ууж, ажилдаа явах замдаа нэг удаагийн аягатай кофе авна. Дэлгүүрээс хүнс цуглуулахдаа гялгар савлагаатайг нь сонгож, орой нь хуванцар аягатай тараг ууна. Бидний энгийн нэг өдөр ингэж л өрнөдөг. Өөрөөр хэлбэл, өдрийн турш нүдэнд үл үзэгдэх хэдэн мянган бичил хуванцраар “хооллож” буйгаа бид төдийлөн анзаардаггүй. Хөнгөн, хямд, хэрэглэхэд хялбар энэ материал дэлхийг байлдан дагуулж, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хуванцаргүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Харин өдгөө энэхүү тав тухын цаана хүн төрөлхтний эрүүл мэнд, байгаль орчинд заналхийлсэн шинэ төрлийн “тахал” нүүрлээд байна.
Хуванцар нь нар, салхи, ус болон механик нөлөөгөөр аажмаар задарч, таван миллиметрээс бага хэмжээтэй тоосонцор болдог. Үүнийг шинжлэх ухаанд бичил хуванцар (microplastic) гэж нэрлэдэг юм. Нүдэнд үл үзэгдэх эдгээр жижиг хэсэг хөрс, ус, агаарт тархаад зогсохгүй хүний биед ч нэвтэрснийг олон улсын судалгаанууд хэдийн тогтоолоо. Бичил хуванцар өдгөө хүний цус, уушги, элэг, үс, хумс, тэр бүү хэл үрийн шингэн, эхэсээс хүртэл илэрч байна. Өөрөөр хэлбэл, хуванцар нь зөвхөн байгаль орчны асуудал байхаа больж, хүний эрүүл мэндэд шууд заналхийлж эхлэв. Савласан ус, дүрдэг цай, гоо сайхны бүтээгдэхүүн, нийлэг (синтетик) материалтай хувцас зэрэг нь бидний мэдэх бичил хуванцрын хамгийн энгийн жишээ.
Канадын Виктория их сургуулийн мэргэжилтнүүд загас, нялцгай биетүүд, амт оруулагч, давс, согтууруулах ундаа, цоргоны болон савласан ус, мөн агаар дахь бичил хуванцрын хэмжээг тогтоосон 25 гаруй судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Тус судалгаагаар хүн нас, хүйснээсээ хамааран жилд 74-121 мянга хүртэл бичил хуванцрыг хоол хүнс болон амьсгалын замаар биедээ оруулдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Эл үзүүлэлт хүйсийн хувьд ялгаатай бөгөөд охид жил бүр 74 000, хөвгүүд 81 000, насанд хүрсэн эмэгтэйчүүд 98 000 бичил хуванцрын хэсгээр амьсгалж, хооллодог бол эрчүүдийн хувьд энэ тоо 120 000-аас давдаг аж. Хамгийн аймшигтай нь эрдэмтэд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нийт хоол хүнсний ердөө 15 хувийг л судалсан нь энэ бөгөөд бодит байдалд хүний биед нэвтэрч буй хуванцрын хэмжээ үүнээс хэд дахин их байх магадлалтай.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр хуримтлагдсан тоосонцор нь хүний дархлааны болон дотоод шүүрлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, архаг үрэвсэл үүсгэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг доройтуулах эрсдэлтэй гэнэ. Мөн бичил хуванцар нь мөнгөн ус, пестицид зэрэг аминд халтай химийн бодисыг хүний биед дамжуулах “гүүр” болдог байна. Гэтэл бид зуны цагт айраг, тараг, цагаан тос зэрэг хүчиллэг чанартай бүтээгдэхүүнийг зориулалтын бус хуванцар саванд хадгалж, тээвэрлэх нь түгээмэл.

“Ногоон тархи угаалт”
Хуванцар саван дээрх гурвалжин тэмдэг, “дахин боловсруулах боломжтой” гэсэн бичгийг хараад бид байгальд ээлтэй сонголт хийлээ гэж баярладаг. Гэвч энэ бол хэрэглэгчдийг төөрөгдүүлж, борлуулалтаа өсгөх гэсэн маркетингийн заль юм. Олон улсад үүнийг “Ногоон тархи угаалт” гэж нэрлэдэг аж. Үнэндээ жинхэнэ дахин боловсруулалт гэдэг нь хуучин савыг хайлуулаад, дахин ижил чанартай шинэ сав үйлдвэрлэхийг хэлнэ. Гэтэл бодит байдалд ихэнх хуванцар савыг ийм замаар дахин ашигладаггүй, харин чанар, зэрэглэлийг нь бууруулан боловсруулдаг. Жишээлбэл, цэвэр усны савыг нэг удаагийн гялгар уут, сандал, эсвэл барилгын материал болгодог. Тиймээс “дахин боловсруулах боломжтой” гэх үгэнд хууртахаас илүүтэй, хэрэглээгээ анхнаасаа танаж, ухаалаг сонголт хийх нь чухал аж.
Мөн хуванцар савны ёроолд байдаг 1-7 хүртэлх дугаарыг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гэтэл энэ тоо тухайн бүтээгдэхүүнийг ямар төрлийн химийн нэгдлээр хийснийг илэрхийлдэг чухал код юм. Тухайлбал, ундаа, усны саванд өргөнөөр хэрэглэдэг №1 кодтой PET хуванцарыг зөвхөн нэг удаа ашиглах зориулалттай бөгөөд дахин хэрэглэх тусам химийн хорт бодис ялгаруулах эрсдэл нь нэмэгддэг аж. Тэгвэл №3 буюу PVC, №6 буюу PS ангиллын хуванцар нь хүний эрүүл мэндэд хамгийн их хор хөнөөлтэй бөгөөд халуун хоол, цай хийх, эсвэл богино долгионы зууханд халаах явцад хорт хавдар үүсгэгч бодис ялгаруулдаг байна. Нөгөөтээгүүр, аюул багатайд тооцогддог №5 бүхий PP материалыг хүүхдийн угж, тарагны сав, эмийн хуваарилагч зэрэгт түгээмэл хэрэглэдэг. Харин №7 буюу “бусад” гэх ангилалд холимог хуванцрууд багтах бөгөөд тэдгээрийн найрлагад хүний дотоод шүүрлийн булчирхайг гэмтээж, дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг Бисфенол-А хэмээх аюултай бодис агуулагддаг гэнэ.
“Тэг хаягдал” ба нүүдэлчдийн ухаан
Өнөөдөр дэлхий нийтээрээ “Тэг хаягдал” буюу Zero Waste хөдөлгөөнийг дэмжиж, байгалийн нөөцийг хэмнэхийг уриалж байна. Үүний үндсэн философи нь хог үүссэний дараа устгах биш, анхнаасаа үүсгэхгүй байх тухай юм.
Сонирхолтой нь, эл үзэл санаа монголчуудын уламжлалт амьдралын хэв маягт эртнээс оршиж иржээ. Нүүдэлчид малын арьс ширээр хувин, хөхүүр, сав суулгаа урлаж, ноос ноолуураар гэрээ бүрж, хувцас хийн, ясыг нь хүртэл тоглоом наадам, ахуйн хэрэгцээндээ бүрэн ашигладаг байв. Өөрөөр хэлбэл, тэд өнөөгийн чамин нэршилтэй “Тэг хаягдал” хэмээх ойлголтыг хэдэн зуун жилийн өмнө хэдийн цогцлоочихсон гэсэн үг. Тиймээс асуудлыг зөвхөн төр засаг, томоохон үйлдвэрүүд шийдэхийг хүлээж суухын оронд хэрэглэгч бүр өдөр тутмын сонголтоо өөрчлөх цаг болжээ. Нэг удаагийн аяганы оронд дахин ашиглах боломжтой шилэн, эсвэл ган материалтай бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээ болгож, савласан уснаас татгалзан, хогоо ангилах зэрэг жижиг дадлууд нийлж байж л бид үүнээс өөрсдийгөө хамгаалж чадна.
У.ЦЭЦЭГ