УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн төсвийн ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэллээ. УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй тул сонсголыг товлосон хугацаанаас нэг цаг 30 минутын дараа эхлүүлэв. “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт ба нийцэл” сэдэвт сонсголд хотын дарга асан Х.Нямбаатарыг урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй хэмээн сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дурдсан юм.
Тэрбээр “Иргэд хотын төсвийн талаарх мэдээллийг сонсохыг хүссэн. Энэ бол хангалттай шалтгаан юм. Үндсэн хуульд төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалах нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах нь Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийн нэг хэмээн заасан. Мөн УИХ хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хянан шалгах эрхийнхээ хүрээнд энэхүү сонсголыг зохион байгуулж байна. Улсын болон нийслэлийн төсөв, том дүнтэй төслүүдийн уялдаа холбоо ямар байх, энэ нь цаашид эдийн засагт хэрхэн нөлөөлөх зэрэгт анхаарах шаардлага бий” хэмээн зорилго, шалтгаанаа товч тайлбарлав.
УЛСЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ НЭГ ИХ НАЯД, НИЙСЛЭЛИЙНХ 2.4 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ
Хоёр өдөр үргэлжлэх эл сонсголын эхний өдөр холбогдох яам, нийслэлийн мэргэжилтнүүд болон хөндлөнгийн шинжээчид танилцуулга хийлээ. Эхний танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан хийсэн бөгөөд тэрбээр “2026 онд орлого төвлөрүүлэлт 2.4 их наяд буюу суурь орлого нь өсөж, нийт 3.4 их наядын орлого нийслэлд төвлөрч байна. Орон нутгийн хөгжлийн сангаас нийслэлд шилжүүлэх 42.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгож байна. Нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 24 хувиар өссөн. Зарлагын тухайд өнгөрсөн онд 4.5 их наяд төгрөг хүрч, өмнөх оныхоос 32 хувиар өссөн. 2022-2026 он хүрэхэд зарлага тасралтгүй тэлсэн. Энэ нь 2021 оны Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсантай холбоотой. Хот 2022 онд 1.4 их наядын зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наяд болж өссөн. Улсын төсвийн алдагдал нэг их наяд, нийслэлийнх 2.4 их наядад хүрч байна. Сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдал алдагдсан. Төсвийн зардлыг нийслэлд хянах тогтолцоог Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой оруулж өгөхгүй бол асуудал үүсэх нь. Оны эцэст механик зохицуулалт хийж, төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардлыг хязгаарлах байдалд хүрнэ. Мөн нийслэл 2.5 их наядын гадаадын болон дотоодын үнэт цаас гаргасан байна” гэв.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛД 5.8 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлд 25 нэр, төрлийн орлого төвлөрүүлж байгаагаас 17 нь татварын, найм нь татварын бус орлогоос бүрдэж байна. Төсвийн тухай хуульд 2021 оны долоодугаар сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аж ахуйн нэгжийн албан татварын 40 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр хуульчилсантай холбоотойгоор нийслэл, дүүргийн төсвийн бүтцэд томоохон өөрчлөлт орсон. 2026 оны тавдугаар сарын орлогын гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөг бүрдүүлэхээр баталснаас 4.2 их наяд нь татварын, 1.1 их наядыг татварын бус орлогоос төвлөрүүлнэ. Төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсөвт 1.5 их наяд төгрөг төвлөрүүлж, төсвийн орлогын бүрдүүлэлт 81.7 хувьтай байна. 2026 оны хувьд нийт урсгал зардалд 25.6, дотоод, гадаадын үнэт цаастай холбоотой 5.2, хөрөнгө оруулалтад 64.7, улсын төсөвт 3.4, дамжуулан зээл 1.2 хувийг тус тус эзэлж байна. Төсвийн зарлагын бүрдүүлэлт 76.8 хувьтай байгаа. Хөрөнгө оруулалтын зардалд таван их наяд 85 тэрбумын төгрөг баталснаас 12.4 хувийн биелэлттэй байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 2026 онд 4.6 тэрбум төгрөгт хүрсэн нь үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлж буй томоохон мега төсөл нэмэгдсэнтэй холбоотой” гэж ярив.
“АШИГТАЙ БАЙСАН ТӨСВИЙГ АЛДАГДАЛТАЙ БОЛГОЖ БАТАЛСАН”
Үүний дараа шинжээч Хосжаргал, Мөнхбат нар нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт болон эх үүсвэр, шийдвэр гаргалт нь хууль тогтоомжид нийцсэн, эсэх талаарх дүгнэлтээ танилцуулав. Үүнд нийслэл энэ хугацаанд төсвийг дөрвөн удаа тодотгосныг онцолсон юм. Тэд “Анх ашигтай байсан төсвийг тодотгохдоо алдагдлыг нь нэмж баталсан. Өөрөөр хэлбэл, нийслэл 2024 онд анхны баталсан төсвийг дөрвөн удаа тодотгож, алдагдлыг нэмсэн нь тодотгол хийх хуулийн үнэслэлд нийцээгүй. Төсвийн тухай хуульд хэрэв урьдчилан тооцоолох боломжгүй байдлын улмаас төсвийн орлого буурах, зардал нэмэгдэхээр байвал зарлагыг бууруулж, орлогыг нэмэх замаар төсвийн тэнцлийг тэнцвэржүүлэх, алдалгүй байлгах гэсэн зарчмыг зөрчсөн. 2025 онд анхны баталсан төсвийн алдагдлыг бууруулсан эерэг үзүүлэлттэй харагдаж байгаа ч бууруулсан зардлыг шинжилж үзэхэд тухайн оны төсвийн хөрөнгө оруулалтын тусгай арга хэмжээний тухайн оны төсвөөс санхүүжих дүнг бууруулсан нь мөн Төсвийн тухай хууль зөрчээ. Тодруулбал, тухайн жилд батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн тодотголоор бууруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн. 2026 онд мөн тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлсэн. Төсвийн тодотгол хийхдээ тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний тоо, төсөвт өртгийг нэмэгдүүлсэн тухайн онд санхүүжүүлэх дүн нь нийслэлийн төсвийн төсөлд тусгагдаагүй, хотын урт, дунд болон богино хугацааны баримт бичигт нийцээгүй, тухайн онд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй уялдаагүй байна. Энэ нь Төсвийн тухай хуульд заасан хууль хэрэгжүүлэх арга хэмжээ нь хөгжлийн бодлогын зорилтуудтай уялдсан байх гэсэн заалттай нийцээгүй гэж дүгнэж байна. Нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг өмнөх оныхтой харьцуулахад орлого 23.7, зарлагын өсөлт 34.6 хувь буюу зарлага нь 10.9 хувиар илүү байгаа нь төсвийг алдагдал үүсэхэд хүргэжээ. Үүнд хөрөнгө оруулалтын болон урсгал зардал өссөн нь нөлөөлсөн байна. Тухайн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхдээ үнэт цаас гаргасан. Ингэхдээ 2.9 их наяд төгрөгийн үнэт цаас гаргах зөвшөөрөл авснаас 2024 онд гаргасан үнэт цаасныхаа 43.2 хувийг ашиглаагүй байгаа нь эх үүсвэрээр санхүүжүүлэх төсвийн бэлтгэл ажлыг хангаагүйг харуулдаг. 2026 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт гаргасан үнэт цаасны хүүгийн зардалд 256.3 тэрбум төгрөг гаргасан. Зардлын өсөлт нь хөрөнгийн болон бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн өсөлттэй шууд хамааралтай. Тухайлбал, урсгал зардал 44 хувиар (633 тэрбум) өссөн. Үүнээс бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамж 37 хувиар өсжээ. Нийслэлийн төсвийн нийт урсгал зардлын 20 хувийг нийслэлийн өөрийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдээр дамжуулан зарцуулсан нь төрөөс хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох ажил, үйлчилгээг өөрийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулсан нь төрийн бодлоготой уялдахгүй байна. Хөрөнгө оруулалтын зардал 2016 оныхтой харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлттэй. Төсөл арга хэмжээг харахад 5-10 жилийн хугацаатай, он дамжин хэрэгжүүлж буй 876.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 230 төсөл, арга хэмжээ байна. Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын арга хэмжээг гурван жилд багтаан санхүүжүүлж дуусгахаар заасантай энэ нь зөрчилдсөн. Мөн олон жил дамжин хэрэгжүүлснээр тухайн арга хэмжээний төсөвт өртгийг нэмэгдүүлэхэд хүргэж байна. Түүнчлэн зураг, төсөвгүй, газар, техникийн зөвшөөрөлгүй төсөл, арга хэмжээг баталсан нь хэрэгжилт хангалтгүй байхад нөлөөлсөн. Нийслэл төсвийн төлөлтөөсөө эхэлж, хуульд нийцүүлж ажиллах шаардлагатай байна” хэмээсэн юм.
16 МЕГА ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ ЕРДӨӨ 4.8 ХУВЬТАЙ
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа “Нийслэлийн өмчийн 16, орон нутгийн аж ахуйн тооцоот 26 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс долоон компани нь 7.6 тэрбумын ашигтай, ес нь 14 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Нийслэл нийт 16 мега төсөл хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, 28.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй эдгээр төслийн хэрэгжилт 1.3 их наядын зарцуулалттай, нийт төслийн гүйцэтгэл 4.8 хувь байна. Тухайлбал, “Улаанбаатар метро” төслийн ТЭЗҮ-ийг баталсан, газар чөлөөлөлт бүрэн хийгдээгүй, сонгон шалгаруулалтын I, II үе шатыг зарласан. Нийт 2433.3 сая ам.долларын төсөвт өртөгтэй, тус төслийн гүйцэтгэл таван хувьтай байна” гэв. Тэрбээр мөн “Улаанбаатар трам шугам 1, 2”, “Нэгдүгээр тойрог зам”, “Хоёрдугаар тойрог зам”, “Сэлбэ хот орон сууцжуулах төсөл”, “Дулааны V станц”, “Туулын хурдын зам” зэрэг төслийн явцын талаар товч танилцуулсан. Тухайлбал, “Туулын хурдны зам” 666.84 сая ам.долларын төсөвт өртөгтэй, 20252028 онд хэрэгжүүлж дуусна. Одоогоор ТЭЗҮ дууссан, 112 нэгж талбар газар чөлөөлөхөөс 51ийг нь чөлөөлсөн. Ажлын зураг 80.6, гүйцэтгэл 13.1 хувьтай байна. Үндсэн барилга угсралтын ажлыг түр зогсоосон. Түүнчлэн “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”, “Тусгай замын автобус”, “Дүүжин замын тээвэр”, “Туул усан цогцолбор”, “Лаг шатаах үйлдвэр”-ийг мөн нэрлэв. Иргэдийн хамгийн их хүлээж буй “Сэлбэ хот орон сууцжуулах төсөл”-ийг “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК хариуцаж хэрэгжүүлж буй бөгөөд төсөвт өртөг 611.4 сая ам.доллар. 2206 нэгж газар чөлөөлөхөөс 2095-ыг нь чөлөөлсөн, ажлын зураг төсөл 95 хувьтай байгаа аж.
НИЙСЛЭЛ ЗАСАГЛАЛЫН ЭРСДЭЛТЭЙ НҮҮР ТУЛСАН ГЭВ
Үүний дараа шинжээч Мөнхбаатар, Энхчимэг нар нийслэлийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн 43 хуулийн этгээд байгаагаас 40 нь нийслэлийн өмчит гэдгийг тодотгов. Аудитын дүн шинжилгээний тайланд дүгнэлт хийхэд нийслэл санхүүгийн болон засаглалын хэлбэрийн эрсдэлтэй хэвээр байна. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Нийт суудлын 65 нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрчээ. Мөн 10 төлөөлөгч гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлэхийн зэрэгцээ бусад байгууллагын ТУЗ-ийн түвшний шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа нь засаглалын төвлөрөл, хяналтын хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг сануулсан. Шинжээчид “Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн тоо, үйл ажиллагааны чиглэл нэмэгдэх тусам хувийн хэвшлийн зах зээлд оролцох боломж хязгаарлагдах, өрсөлдөөний орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Нийслэлийн өмчит компаниудын үйл ажиллагааны хүрээ өргөжсөн ч засаглалын бодлого дутагдаж, төрийн оролцоо нэмэгдсэн нь хувийн хэвшлийг шахсан” гэв.
БЭЛТГЭЛ АЖИЛД ЗАРЦУУЛСАН 129.4 ТЭРБУМ ҮР АШИГГҮЙ БОЛОХ УУ
Мөн нийслэлээс хэрэгжүүлж буй мега төсөлд шийдвэр гаргалт, эрсдэлийн талаар нэгдсэн дүгнэлт хийснээ шинжээч Оюун-Эрдэнэ, Энхбаяр нар танилцууллаа. Тэд “16 мега төсөл нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогуудтай агуулга болон шууд утгаараа уялдсан байна. Гэвч ихэнх төсөл нь ТЭЗҮ боловсруулах, зураг төсөл гаргах зэрэг бэлтгэл ажлын шатандаа явж байна. 28.9 их наяд төсөвт өртөгтэй эдгээр төслийн гүйцэтгэл ердөө таван хувь буюу 1.4 их наяд төгрөг байна. Түүнчлэн нийт төсөвт өртгийн 66 хувийг төлөвлөсөн ч одоогоор бүрэн баталгаажаагүй нь төслүүд зогсох, хугацаа сунгах эрсдэл бий болсон. Санхүүжилт удааширснаас болж бэлтгэл ажилд зарцуулсан 129.4 тэрбумын зардал үр ашиггүй болох, улмаар төслийн төсөвт өртөг инфляц болон бусад хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдэх бодит аюул нүүрлэсэн. Мега төслүдүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гаргалт, удирдлагын систем бүрэн төлөвшөөгүй, дотоод хяналтын тогтолцоо жигдрээгүй байгаа нь төслийг олон улсын стандартын дагуу үр дүнтэй удирдахад саад болж байна. Иймд төсөл хэрэгжүүлэгч байгуулагуудын дотоод хяналтын тогтолцоог сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хяналтын механизм бүрдүүлэх, мега төслүүдийн шийдвэр гаргалт, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн явцыг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой байдлаар тогтмол мэдээлэх, хөндлөнгийн хяналт тавих шаардлагатай” гэсэн зөвлөмж өгөв.
“УХААЛАГ СМАРТ СИТИ” ТӨСЛИЙГ ЗУРАГ, ТӨСӨВГҮЙ БАТАЛЖЭЭ
Түүнчлэн шинжээч Энхчимэг хууль, эрх зүйн асуудлын талаар ярихдаа “2024 онд шинээр 113 багц төсөл, арга хэмжээ баталснаас 33-т нь зардлын тооцоолол хийсэн бол 24-т нь ийм тооцоолол хийгээгүй бөгөөд төсөвт нөлөөлөх ачааллын дүгнэлт байхгүй байна. 5.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 113 төсөл, арга хэмжээнээс 11.5 хувь нь дунд хугацааны бодлоготой нийцээгүй. 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй 12 төсөл, арга хэмжээ буюу 10.6 хувь нь нийцээгүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 11 байршилд шинээр авто зам барих, “Ухаалаг смарт сити” төслийг тухайн жилдээ зураг, төсөвгүй баталсан. Мөн Төсвийн тухай хууль зөрчиж, газрын асуудлыг нь шийдээгүй байхад 7.3 тэрбумаар Баянзүрх дүүрэгт сургууль, дулааны эх үүсвэр нь тодорхойгүй, 2.1 тэрбум төгрөгөөр 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөл зэрэг нь төлөвлөлтийн шаардлага хангаагүй хэрнээ батлагдсан төсөл, хөтөлбөр байна. 16 мега төслийг хэрэгжүүлэхдээ төлөвлөлтийн сонсгол хийж, олон нийтийн оролцоог хангасан, эсэхийг тодруулахад хэрэгцээ, шаардлагын судалгаа хийснээс хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд төсөвт өртөг, тодорхой шийдвэр гаргахаас өмнө нийтийн төлөвлөлтийн сонсгол хийхээр заасан байдаг. Үүнийг биелүүлээгүй. Өөр нэг жишээ нь “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой гэрээг 2025 оны наймдугаар сарын 12-нд байгуулсан хэрнээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон хэлэлцүүлгийг 2025 оны арваннэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл явуулсан гэсэн тайлбар ирүүлсэн. Олон арга хэмжээг төлөвлөлтийн сонсгол хийхгүй явуулжээ” гэлээ.
Танилцуулга хийж дууссаны дараа танхимд байсан иргэд үг хэлсэн юм. Тухайлбал, иргэн Дөлгөөн УИХ олон удаа сонсгол зохион байгуулж байгаа ч үр дүн гардаггүйг дурдаад энэ удаагийнх өөр байхыг хүссэн. Харин иргэн Ганбаяр “Нийслэлээс гаргаж байгаа аливаа бондын мэдээлэл үнэн зөв байхад анхаарах шаардлагатай. Эл мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн албан ёсны цахим хуудсанд нээлттэй байршуулах хэрэгтэй. Мэдээллийг ер шинэч лэхгүй, оруулахгүй байна” гэв. Харин Барилгач дын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Өлзийбат “Засгийн газар хотын төсөвт тодорхой хяналт, шалгалтыг жил бүр явуулдаг. Тиймээс шүгэл үлээж буй хүмүүсийг хамгаалах хууль зүйн орчныг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Би дөрөв дэх удаагаа сонсголд оролцож байна. Сонсголд хэлэлцсэн бүх материал ил тод, нээлттэй байх ёстой. Гэтэл үүнийг бүрэн хэрэгжүүлсэнгүй. Нийслэлийн өнөөгийн замбараагүй байдал төсвийн хяналтын сонсголыг нэг ч удаа хийгээгүйтэй нь холбоотой. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь Засаг даргаа долоох нь холгүй байдаг. Олон аж ахуйн нэгжийн дансыг хаасан, ажил хийгээд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй байна. Үүнд ИТХ-ынхан санаа тавих хэрэгтэй. Нийслэлийн өмчийн байгууллагууд данхайсан, дахин төлөвлөлтөд авлига их байна. Хот бизнесийн орчин, аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой” гэж ярив.
Хяналтын сонсголыг үдээс хойш үргэлжлүүлсэн бөгөөд УИХ-ын зарим гишүүн хотын дарга Б.Пүрэвдагваас асуулт тавьж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: -Нийслэл 80 компани байгуулсан. Тэдний ажлыг хувийн хэвшлийнхэн хийж чадахгүй гэж үзээд байна уу. Шинэ Засаг даргын хувьд юу гэж бодож байна вэ? Б.Пүрэвдагва: -Томилгоо бүрийг АТГ-аас дүгнэлт гарсны дараа хийдэг. Нийслэл өөрөө барилга бариагүй. Төсвийн болон тендерийн тухай хуулиар нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны эцэст ажлыг гүйцэтгүүлж байгаа. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: -Маргааш (өнөөдөр) Сэлбэ, Туулын хурдны замын талаар нарийвчилсан танилцуулга хийнэ гэж ойлгосон. Хувийн хэвшлийг дэмжих тухай улс орон даяар ярьж байна. Зах зээлийн багтаамжийг нь битгий булаацалдаасай. Яагаад “Туулын хурдны зам” төслийг олон гишүүн дэмжээгүйг хотын дарга өөрөө мэдэж байна уу. Нийслэлийн төсөв анхаарлаас гарсан. Засаглалын асуудлыг ярилаа. Эндээ худал жүжиг тавиад яах вэ хэмээн саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Р.Батболд: -Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэхдээ санхүүгээ Төсвийн тухай хуулийн дагуу шийдэх ёстой. Хот улсынхаас илүү алдагдалтай төсөв баталчхаад байна. Сүүлийн хоёр жилийн дотор нийслэлийн төсөв гурав дахин нэмэгдсэн ч ажлаа эрэмбэлж чадаж байна уу. Хотын 45 төлөөлөгчийн 43 нь төрийн ямар нэгэн ажил хийгээд явж байна. Ингэхээр хэн нь хэнийгээ хянах юм бэ?
Б.Пүрэвдагва: -Төрийн өмчит аж ахуйн нэгжид барьж буй бодлого тодорхой. Нийслэлийн харьяаны 114 байгууллага бий, үүнийг цөөлнө. ТУЗ-д хараат бус гишүүн ажиллуулна.
УИХ-ын гишүүн П.Ганзориг: -Иргэдийн хурлын гажуудлыг би маш сайн мэднэ. Үр дагаврыг нь нэг удаагийн сонсгол хийгээд олон нийтэд яриад дуусна гэж байхгүй. МАН-ын зовлон зодоон болоод дуусна. Энэ бүхэн тогтолцооны гажуудлаас үүдэлтэй. Нийслэлийн ИТХ нь Засаг даргаа хянаж чадахаа больчихсон. Хотын даргаа МАН томилсоор ирсэн.
Б.Пүрэвдагва: -Эрх зүйн шинэчлэл хийх эрх нь УИХ-д байгаа. 45 төлөөлөгч хууль журмын дагуу иргэдээс сонгогдсон. Төсөв, зарцуулалт байхгүй төлөөлөгч эргээд сонгогчийнхоо нүүр харах эрхгүй болдог. Миний хувьд ямар нэгэн ашиг сонирхол байхгүй учраас эрх зүйн шинэч лэлд хатуу байр суурьтай байж чадна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: -“Туул гол нийслэлд юу болж байгаа, мега төслийн алдаа дутагдлыг олон нийтэд илчиллээ. Нийслэл засаглалын хямралд бүрэн орчихсон юм байна. Яагаад ийм бантан үүсэх хуулийг хэн бий болгов. Засаг даргаа хянах ёстой ИТХ-ынхан албан тушаалд томилогдох эх үүсвэрийг хэн тавьсан юм бэ, МАН-ынхан” хэмээсэн.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: -Шинжээчдийн дүгнэлт хангалттай санагдсангүй. 1.5 сая иргэний амьдралд шууд нөлөөтэй асуудал шүү дээ. Тухайлбал, дүгнэлтэд санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой шийдвэрлээгүй нь хэрэгжих хугацаа хойшлох магадлалтай гэжээ. Энэ бол дүгнэлт биш хэмээн шүүмжлэв.