- Уулын мухарт ургасан цайны навч ядуурлыг бууруулж, олон мянган өрхийн амьжиргааг дээшлүүлжээ -
БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Гүйжөү муж бол өндөр уулс, гүн хавцал ээлжилсэн өвөрмөц тогтоцтой нутаг. Байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагддаг ч хөгжлөөрөө хоцрогдсон гэгдэж ирсэн тус муж өнөөдөр цайны үйлдвэрлэлээрээ олон мянган өрхийн амьжиргааг тэтгэх болжээ.
Энэ бүс нутгийн хөгжлийн шинэ үе 2014 оноос эхэлсэн гэж хэлж болно. Уулсыг сэтлэн нүхэн гарц байгуулж, хавцлыг холбосон аварга гүүрнүүд олноор нь барьснаар дэд бүтцийн “түгжээ”-гээ тэд мулталж чаджээ. Өдгөө тэнд 30 мянга гаруй км хурдны зам, олон мянган гүүр, нүхэн гарц бий. Ингэснээр Гүйжөү дотоодын төдийгүй олон улсын зах зээлтэй холбогдох боломж бүрдсэн байна.
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан баг энэ удаа тус мужийн уулархаг бүсэд орших цайны аж ахуйнуудыг зорьж, ядуурлыг бууруулах, хоршооллыг хөгжүүлэх бодлого бодит амьдралд хэрхэн хэрэгжсэнийг сурвалжиллаа. Тэндхийн иргэдийн хувьд цай бол нэг төрлийн ундаа биш. Харин өрхийн орлого, тосгоны хөгжил, ирээдүйн боломжийг бий болгосон амьжиргааны эх үүсвэр юм. Тиймээс нутгийнхан цайны навчийг “Дорно дахины гайхамшигт навч”, харин цайгаа “Ногоон алт” хэмээн нэрлэдэг аж.
САХИУСАН ШААЗГАЙН БЭЛГЭДЭЛ БА ЭКО МЕНЕЖМЕНТИЙН ҮР ШИМ
Бидний эхний зогсоол далайн түвшнээс дээш 1350 метрийн өндөрт орших “Шэньчюэ” цайны үйлдвэр байв. Өндөр уулсаар хүрээлэгдсэн тариалангийн талбайд ажилчид залуу нахиа түүнэ. Харин боловсруулалтын цехүүд тэдгээр шинэхэн навчийг ангилан ялгаж байлаа.
“Шэньчюэ” нь сахиусан шаазгай гэсэн утгатай. Үүсгэн байгуулагч Гүн Рүнжүн анх цайны брэнд бүтээхээр энэ газрыг сонгох үед улаан хошуутай, цэнхэр өнгөтэй ховор шаазгай ирж шагширсан гэдэг. Хятадын уламжлалт ойлголтоор шаазгай нь аз жаргал, сайн сайхны бэлгэдэл бөгөөд ийм шувуу үүрлэж буй газар экологийн тэнцвэр алдагдаагүйн шинж гэж үздэг байна. Тиймээс үйлдвэрээ ийн нэрлэжээ.
Тус үйлдвэр 2005 оноос хойш 68 га талбайд цагаан, улаан, ногоон, шар, хөх гэсэн таван төрлийн цай тариалж байна. Тэдний хамгийн алдартай бүтээгдэхүүн нь цагаан цай. Учир нь Хятадад цагаан цайг хамгийн бага боловсруулалттай төрөлд тооцдог тул навчны байгалийн шим тэжээл, антиоксидант бодисууд илүү сайн хадгалагдан үлддэг гэж үздэг. Тиймээс бодисын солилцоог дэмжих, дархлааг сайжруулах, хөгшрөлтийн үйл явцыг сааруулахад тустай аж. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгчдийн дунд түгээмэл ашигладаг энэ цайг Арабын язгууртнууд хүртэл хэрэглэж ирсэн тухай үйлдвэрийнхэн дурдсан юм.
Өдгөө тэд бүтээгдэхүүнээ цахим худалдааны платформоор дамжуулан борлуулж, олон улсын чанарын гэрчилгээгээ үндэслэн Европ, АНУ, Африк, Зүүн өмнөд Азийн зах зээлд нийлүүлж байна. Мөн нутгийн иргэдийг хоршооллын хэлбэрээр ажиллуулснаар тогтмол орлоготой болж, амьжиргааны түвшин нь мэдэгдэхүйц дээшилжээ.
ГАР АРГААР ХУУРСАН НОГООН ЦАЙТАЙ ШАР АЙРАГ
Үүний дараа бид Мэйтань тойрогт байрлах “Янчүн байшюэ” буюу “Хаврын цасан” цайны үйлдвэрийг зорилоо. Үйлдвэрийн цехэд ороход хуурч буй цайны үнэр сэнгэнэж, олон жилийн туршлагатай мастеруудын гарын хөдөлгөөн нүд булаана. Цай боловсруулах урлаг энд үеэс үед өвлөгджээ.
Тус үйлдвэрийг 2004 онд байгуулсан бөгөөд ТУЗ-ийн дарга Ван Жиний хэлснээр тэд тариалалтаас эхлээд үйлдвэрлэл, борлуулалт, цайны соёлыг тү гээн дэлгэрүүлэх хүртэлх бүхий л үйл ажиллагааг нэгтгэн хөгжүүлдэг гэнэ. Тэрбээр “Бид цайгаа уламжлалт аргаар, гараар хуурч боловсруулдгаараа онцлогтой. Үйлдвэрлэх технологиосоо шалтгаалаад нэг навчнаас зургаан өөр төрлийн цай гаргаж болдог учраас цайны навчийг дорно дахины гайхамшигт навч гэж нэрлэдэг” хэмээв.
“Хаврын цасан”-гийнхан үйлдвэрлэлдээ шинэ инновац нэвтрүүлж, ногоон цайтай шар айраг гаргасан нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Нэг лааз шар айрагт хоёр грамм цайны навч ордог бөгөөд цай, буудай, соёолжийн өвөрмөц амтыг нэгэн зэрэг мэдрүүлдэг онцлогтой аж.
НИЙТ АЖИЛЧНЫ 85 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД
Вэньань тойрогт байрлах “Хуан Хун Ин” үйлдвэр 900 га талбайд цай тариалдаг. Тариалангийн талбайд эмэгтэй ажилчид мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, хамгийн залуу нахиа, чанартай навчийг ялган түүж байлаа. Цайны чанар талбай дээрээсээ эхэлдэг учраас энэ ажил өндөр ур чадвар шаарддаг гэнэ.
Тус үйлдвэр 850 өрхийн 3000 орчим иргэнийг ажлын байраар хангаж, орон нутгийн ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулжээ. Үүний үр дүнд үүсгэн байгуулагч Хуан Хун Ин БНХАУ-ын дарга Си Зиньпинээс “Гуравдугаар сарын 8-ны улаан туг” шагнал хүртсэн гэнэ. Тэрбээр Гүйжөүгийн уугуул хүн биш ч гурван жилийн хугацаанд 30 мянган км аялж, Хятадын бүхий л нутгийг уйгагүй судалсны эцэст 2012 онд Мүн Ань нутгийг сонгож, үйлдвэрээ байгуулжээ. Өдгөө тэд Хятадын шилдэг 10 ногоон цайны нэгийг үйлдвэрлэдэг бөгөөд “Алтан нахиа” нэртэй бүтээгдэхүүнийг зах зээлд анхлан гаргасан түүхтэй. Мөн хар цай нь фторын агууламж багатай тул шүд шарлуулах нөлөө харьцангуй бага гэж үздэг аж. Үүнээс гадна витамин С-гээр баялаг өргөст алим буюу цийлий (Cili) жимсийг ашиглан цай үйлдвэрлэж байна.
Сонирхолтой нь, тус үйлдвэрийн нийт ажилчны 85 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд цай түүх, боловсруулах нарийн ажиллагааг тэд гүйцэтгэдэг. Мөн тус үйлдвэр академик түвшний шинжлэх ухаан, технологийн хоёр судалгааны төвтэй. Европын холбооны стандартыг хангаж, 583 төрлийн чанарын шалгалтын гэрчилгээ авсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай. Үйлдвэрийн захирал Хуан Хун Ин энэ үеэр “Газар тариалан, үйлдвэрлэл технологийн дэвшилгүйгээр хөгжих боломжгүй. Намайг анх энд ирэхэд авто зам ч байгаагүй. Харин өнөөдөр хурдны замтай, бүх зүйл стандартын дагуу хөгжсөн байна” гэсэн юм.
ДАВХАР ОРЛОГЫН СИСТЕМ БҮРДҮҮЛЖЭЭ
Гүйжөүгийн уулсын дунд өрнөж буй энэхүү амжилт нь зөвхөн хувийн хэвшлийн зүтгэл төдийгүй БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн Зорилтот бүлэгт чиглэсэн ядуурлыг бууруулах бодлогын бодит үр дүн гэнэ. Өдгөө 38.5 сая орчим хүн амтай тус мужийн газар нутгийн 90 гаруй хувийг өндөр уул толгод, карстын тогтоцтой гүн хавцлууд эзэлдэг. Байгалийн энэхүү өвөрмөц бүтэц нь уламжлалт газар тариалан эрхлэх боломжийг хязгаарладаг байсан тул Гүйжөү муж урт хугацааны турш Хятадын хамгийн ядуу бүс нутагт тооцогдож иржээ. Гэвч төрөөс эл байгалийн сорилтыг давуу тал болгон харж, уулархаг, чийглэг, манан ихтэй цаг уурт нь нэн тохиромжтой дээд зэрэглэлийн органик цайны тариалалтыг бодлогоор дэмжсэн байна.
Тус мужийн ядуурлыг бууруулсан хамгийн ухаалаг механизм бол “Компани+хоршоолол+тариаланч” гэсэн загвар юм. Энэ нь нутгийн иргэдэд нэгэн зэрэг хоёр сувгаар давхар орлого олох боломж олгодог байна. Жишээлбэл, Гүйжөүд амьдардаг жирийн нэгэн тариаланч өөрийн эзэмшлийн газраа цай тариалах зориулалтаар орон нутгийн хоршоололд түрээслүүлж, үүнээсээ тогтмол ашиг хүртэнэ. Үүний зэрэгцээ тэрбээр тухайн түрээслүүлсэн цайны талбайдаа өөрөө ажилчнаар орж, цайны навч түүх, талбай арчлах зэргээр хөдөлмөрлөн давхар цалин авдаг байна. Ингэснээр тариаланчид газрын эзэн бөгөөд үйлдвэрийн ажилтан гэсэн статустайгаар орлогоо богино хугацаанд хоёр дахин нэмэгдүүлж чаджээ.
Үүнээс гадна төрөөс тариаланчдад үрсэлгээ, технологийг үнэ төлбөргүй өгч, ургацыг нь зах зээлийн тогтвортой үнээр худалдаж авах баталгааг компаниудаар дамжуулан гаргаж өгсөн байна. Тосгон бүрд цахим худалдааны үйлчилгээний цэг байгуулснаар өдгөө нутгийн залуус интернэт сүлжээг ашиглан “Ногоон алт”аа цахим талбарт шууд дамжуулан (Live stream) борлуулж, дундын зуучлагчгүйгээр дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхаж буй юм.
Гүйжөүгийн уулсын дунд ургасан жижигхэн ногоон навч ийнхүү зөвхөн цайны үйлдвэрлэлийг хөгжүүлээд зогсохгүй олон мянган өрхийн амьжиргааг дээшлүүлж, тосгодын өнгө төрхийг үндсээр нь өөрчилжээ. Нэгэн цагт хөгжлөөр хоцрогдсон бүс нутагт тооцогдож байсан энэ муж өнөөдөр цайны тариалан, боловсруулах үйлдвэрлэл, шинжлэх ухааны судалгаа болон аялал жуулчлалыг хослуулсан хөгжлийн жишиг болов. Зам харгуй ч үгүй байсан алслагдсан тосгодыг дэлхийн зах зээлтэй холбож, олон хүнд тогтвортой орлого бий болгосон энэ жижигхэн навчийг нутгийнхан “Ногоон алт”, “Дорно дахины гайхамшигт навч” хэмээн бахархан нэрлэдэг нь ийм учиртай ажээ.
Үргэлжлэл бий.
У.Цэцэг