Өмнөд хөршийн Зоушан хотод болсон сагсан бөмбөгийн 3х3 Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголоос Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад “Рояаль” олон улсын их сургуулийн баг оролцлоо. Манайхан С хэсэг багтаж, эхний тоглолтоо Хонконгийн багтай өрнүүлэн 21:12, дараагийнхад нь Ираны “Тосс” дээд сургуулийн шигшээг 21:16-гаар хожиж, шигшээ наймд мөн Ираны “Азад” их сургуулийн тамирчдыг 21:13-аар илүүрхэв. Мөнгөн медалийн тоглолтод эзэн орны “Цинхау” их сургуулийн багт 15:17-гоор ялагдсан ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Ираны багийг 21:17-гоор буулган авч шагналын тавцанд зогссоноор тивээ төлөөлж, “FISU world cup”-д өрсөлдөх эрх авчээ. Тус тэмцээнд Гуандун мужийн Технологийн их сургуулийн баг тэргүүлж, Бээжин хотын “Цинхуа” их сургуулийн тоглогчид дэд байрт шалгарсан байна. Ташрамд дуулгахад, нийслэлд энэ сарын 23, 24-нд болох “Sukhbaatar challenger”-д 11 орны 16 баг өрсөлдөхөөр ирнэ. Нутгийнхаа талбайд “Улаанбаатар энержи”, “Сансар”, “Хархорум”, “Тэрэлж” баг оролцох юм. Эл тоглолтод түрүүлсэн багийнхан “Lausanne masters”-т өрсөлдөх эрх гардана. Дээрх тэмцээний дараа 25-26-нд “FIBA 3x3 Ulaanbaatar women’s series” дэлхийн эмэгтэйчүүдийн гран при тэмцээний тав дахь цуврал үргэлжлэх юм. 10 улсын 16 багийн тамирчин өрсөлдөх тэмцээнд манай улс зохион байгуулагч орны давуу эрхээр дөрвөн баг (“Улаанбаатар Амазонс”, “Монгол”, “Сүхбаатар”, “Амгалан”) сойх аж. Тэгвэл 27, 28-нд эхлэх “FIBA 3x3 Ulaanbaatar world tour”-д долоон орны 12 баг оролцохоор болжээ. Улсдаа зохион байгуулах гурван том тэмцээнээс олимпын эрхийн оноо олгох нь “FIBA 3x3 Ulaanbaatar world tour” юм.