Монголын өв соёл, үндэсний уран нугаралтын гайхамшгийг орчин үеийн тайзны урлаг, дэлхийн хэмжээний спорт энтертайнменттай хослуулсан “Уян” чуулга уулзалт энэ сарын 19-21-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт болно. Тус арга хэмжээ нь зөвхөн мэргэжлийн уран бүтээлчдээр хязгаарлагдахгүй гадаад, дотоодын аялагчдыг татсан соёл, аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа болон өргөжиж буйгаараа онцлогтой.
Мөн энэ удаад чуулга уулзалтын цар хүрээг тэлж, спорт энтертайнмент, фитнесийн салбарынханд хүргэх зорилгоор “Netflix”-ийн “Physical: Asia” шоуны тамирчдыг уг үйл ажиллагаанд оролцуулахаар болжээ. Тухайлбал, Австралийн багийн Доминик Ди Томмасо, Филиппиний багийн ахлагч Жастин Ковени, тамирчин Марк Мүгэн болон тус тэмцээний финалд шалгарсан Монголын багийнхан нэгдэж, уран нугаралт, тэнцвэрийн урлагийг сурталчлах аж.
Энэхүү арга хэмжээг АНУ-ын Лас Вегас хотод ажиллаж, амьдардаг Гавьяат жүжигчин Ж.Эрдэнэчимэг үүсгэн байгуулсан бөгөөд 2025 онд тус улсын Миннесота мужид анх зохион байгуулж, 1000 гаруй оролцогчийг хамруулсан юм. Харин өнөө жилийн чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир ажиллаж буй бөгөөд Монгол Улсыг уран нугаралтын дэлхийн төв болгон хөгжүүлэх алсын хараатай аж. Тэд урлагийн түүхэн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний илтгэл, уралдаан, баримтат кино, воркшоп сургалт, гала тоглолтыг гурван өдрийн турш цогц байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
У.СҮРЭН