Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Бидисек” компани хөрөнгө оруулалтын төслөө хэрэгжүүлэх зорилгоор санхүүжилтийн бүтцээ өөрчилж, олон нийтээс бонд хэлбэрээр хөрөнгө татахаар болжээ. Тодруулбал, тус компани гурван сая хүртэлх ам.долларын үнийн дүнтэй, хоёр жилийн хугацаатай бонд гаргахаа мэдээлсэн аж. Өнгөрсөн онд тус компани ойролцоогоор 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, төсөл санхүүжилтээ давуу эрхийн хувьцаанаас босгохоос шийдвэрлэсэн. Тэгвэл уг төлөвлөгөөгөө өөрчилж, хөрөнгийн зах зээлээс өрийн хэрэгсэл буюу бондын хэлбэрээр санхүүжилт татахаар болсон байна.
Жилийн 11 хувийн хүүтэй ам.долларын бонд нь дотоодын хөрөнгийн зах зээлд харьцангуй өрсөлдөхүйц өгөөж бөгөөд валютын орлоготой, эсвэл ам.доллароор хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах боломжтойг мэргэжилтнүүд дурдаж байна. “Бидисек” компани нь 2025 оны эхээр “Ти эм эл пластик” компанийн “Green recycle bond-2”-ыг 10 хувийн хүүтэйгээр гаргасан бол биржийн бус зах зээлээс энэ сарын 3-нд 3.5 тэрбум төгрөгийг амжилттай төвлөрүүлсэн билээ.
С.Дулам