УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдааны талаар ахлагч Ж.Батжаргал тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ. Хаврын чуулганыг ирэх сарын 3-нд завсарлуулахаар төлөвлөж буй учраас жагсаалтад багтсан асуудлуудаас эрэмбэлж, эдийн засаг, нийгмийн амьдралд нэн шаардлагатай болон цаг хугацаатай төслүүдийг яаралтай хэлэлцэн батлахаар тохирсон байна. Үүнд Бизнесийн эрх чөлөөний, Татварын багц, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн төсөл багтжээ. Мөн газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд олборлолтыг жилд 1.5 сая тонн болгож нэмэх зэргийг шийдэх холбогдох гэрээ, хэлцлийг хэлэлцэх нь.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ж.БатЭрдэнэ, Х.Тэмүүжин зэрэг хэд хэдэн гишүүний төслийг нэгтгэж, энэ долоо хоногт эхний хэлэлцүүлгийг нь хийх гэж буй. Гэвч үүнд Ерөнхийлөгч болон М.Нарантуяа-Нара, Б.Батбаатар нарын санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал багтаагүй. Үүний шалтгааны талаар МАН-ын бүлгийн дарга “Ерөнхийлөгч өөрийнхөө төслийг бусад асуудалтай нэгтгэхгүй гэсэн” хэмээх тайлбар өгөв. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий гурван төслийг тусад нь авч үзэх бололтой.