Өмнөговь аймгийн Гурвантэсийн малчид өчигдөр хэвлэлийн хурал хийж, сумын нутаг дэвсгэрт шинээр олгосон ашигт малтмалын хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг шийдвэр гаргагчдаас шаардлаа. Малчдын төлөөлөл болсон иргэн Л.Сүрэнхүүгийн хэлснээр Гурвантэс сумд Нарийнсухайтын бүлэг ордод дөрвөн том уурхай үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гэтэл тэдэн дээр нэмж 4-5 уурхайд лиценз олгож, ажлаа эхлүүлэхээр хүч түрж буй гэнэ. Мөн Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хүрэн ханын хэцийг ухахаар зэхэж буй “Нитросибир азиа” ХХК багийн Иргэдийн нийтийн хуралд хүмүүст төлбөр, мөнгө өгч суулган, ирц бүрдсэн мэтээр баримт бүрдүүлж, зөвшөөрлөө гаргуулсан. Тухайн сумаас Өмнөговь аймаг хүртэлх замын 74 км нь хатуу хучилтгүй бөгөөд говийн эмзэг хөрс бүхий шороон замаар ачаа тээвэрлэдгээс тоосжилт ихсэж, малынхаа гэдэс дотрыг идэх аргагүйд хүрсэн нь Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэдгийг ч орон нутгийн иргэд онцоллоо.
Дээрх сумын Гоёот багийн нутагт хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдон 2020 онд лицензийг нь цуцалсан компаниудын зөвшөөрлийг сэргээж, дахин ухах гэж буйг малчид эсэргүүцэж байгаа аж. Тиймээс Гурвантэс сумын нутагт шинээр олгосон бүх тусгай зөвшөөрлийг цуцлах, уул уурхайн компаниудад хариуцлага тооцож, үлдсэн бэлчээр нутаг болон Алтан уул хайрхныг улсын тусгай хамгаалалтад яаралтай авахыг малчид шаардав.
Б.Ариунжаргал