Монгол Улсын Засгийн газрын өрийн нийт хэмжээ 2027 онд 57.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэхээр тооцоолж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад байна. Өрийн дээд хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 45-50 хувьд барих ёстой боловч 2028-2029 онд 63.6 их наяд төгрөг байхаар хязгаарлажээ.
Засгийн газар томоохон төслүүдээ эрчимжүүлэх үүднээс төсвөөс гадуур нэг удаагийн хуулиар гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлж байгаагаас гадна орон нутаг гадаад, дотоодоос бонд босгож буй зэрэг нь өрийн эрсдэлийг нэмэгдүүлж, төсөв мөнгөний бодлогыг алдагдуулах эрсдэлтэйг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, эдийн засагч Р.Даваадорж онцолж байсан юм. Засгийн газрын өрийн удирдлагын 20262028 оны стратегийн баримт бичигт шинээр авах гадаад зээлийн санхүүжилтийг эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон инженерийн дэд бүтцийн төслүүд рүү чиглүүлэх, болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх үүднээс аймаг, нийслэлийн үнэт цаас болон Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийг хязгаарлах, улсын төсвөөс төлөгдөх нөхцөлтэй өрийн бичиг шинээр гаргахгүй байх арга хэмжээ авахаар тусгажээ. Энэ оны тавдугаар сарын эцсийн байдлаар нийт гадаад өр 38.5 их наяд төгрөг байгаагаас 13.8 их наядын гадаад зээлийн үлдэгдэлтэй гэдгийг Сангийн сайд мэдээлэв.
Г.Сансар