Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хангийн хүрэн гэх газарт уржигдар 17.50 цагт дуу цахилгаантай аадар бороо, мөндөр оржээ. Мөн Хөвсгөлийн Хатгал, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Баруунбаян-Улаан зэрэг газарт 5.2-9 мм голчтой мөндөр орсон байна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар халах тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэргийлэхийг цаг уурын байгууллагаас анхааруулав. Сонирхуулахад, 5-20 мм голчтой мөндрийг аюул багатай гэж үздэг хэдий ч их хэмжээгээр, хүчтэй салхитай хамт орвол тариалан, ногоо, цэцэг “сүйдлэх” эрсдэлтэй аж.
Харин Улаанбаатар хотын хувьд өчигдөр өглөө усархаг бороо орсон. Өнөөдөр мөн бага зэргийн аадар, 17, 18-нд дуу цахилгаантай түр зуурын, бороо орох нь. Энэ долоо хоногийн сүүлчээр цаг агаар бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө 3-8, өдөртөө 16-21 хэм дулаан байх аж. Харин ирэх 10 хоногийн бусад үед нь өдөртөө 26 хэм хүрч халах гэнэ.
Ч.ТУЯА