Швейцарт төвтэй “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс 38 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д энэ жил 70 орныг хамруулжээ. Харьцуулах боломжтой 70 улсаас Монгол 67-д жагсан Нигери, Намиби, Венесуэлийг ардаа орхисныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс өчигдөр мэдээллээ. Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтцийн хөгжил гэсэн үндсэн дөрөв, дэд 341 үзүүлэлтийг харгалзан тооцдог дээрх тайланд манай улс 57-60 дугаар байрт эрэмбэлэгдэж ирсэн ч 2024 оноос ухарсаар ийнхүү 39.02 оноогоор сүүлээсээ дөрөвт бичигдлээ. Өнгөрсөн жил 40.91 оноо авч, 65 дугаарт эрэмбэлэгдэж байсан ч хэрэглээний үнийн өсөлт, татвараас зайлсхийх явдал, зээлийн хүүгийн дарамт, орчны бохирдол, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиггүй байдал зэргээс шалтгаалан ийнхүү түвшин буурсан аж. Улмаар инфляц болон улсын өрийн дахин санхүүжилтийн мөчлөгүүд нь төсөв, өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, худалдан авах чадварыг улам бууруулж болзошгүй гэнэ. Түүнчлэн ур чадвартай ажиллах хүчний хомсдол, хөдөлмөрийн бүтээмжийн зөрүүгээс улбаалан зонхилох салбаруудад хүний нөөцийн дутагдал үүсэж, дэд бүтэц, ложистикийн бэрхшээл нь өртөг зардлыг улам өсгөн, экспортын хэмжээг бууруулж, эдийн засгийг “агшаах” магадлалтайг дээрх тайланд тэмдэглэжээ. Ташрамд дурдахад, өрсөлдөх чадвараар Сингапур тэргүүлж, Хонконг, Швейцар, Тайвань, Арабын нэгдсэн Эмират улс удаалжээ. Харин Швед ес, АНУ аравдугаар байрт жагссан байна.